Мөрөөдөл насанд захирагддаггүй. Авьяас хил хязгаар мэддэггүй. Харин мэдлэг, хөдөлмөр хоёр нийлвэл дэлхийг өөрчлөх хүч болдог. Бид энэ удаа "HUMAN" буландаа дэлхийг  өөрчилж буй 17 настай суутан хэмээн нэр алдар нь дуурсаж буй 17 настай сурагч Хикару Курибаяшийг онцолж байна. 

Япон улсын Саппоро хотын 17 настай сурагч Хикару Курибаяши. Түүний нэрийг энэ хавар дэлхийн шинжлэх ухааны хүрээнийхэн онцгойлон дурсах болсон нь учиртай. Хикару дэлхийн хамгийн том, сурагчдын шинжлэх ухаан, инженерчлэлийн тэмцээн болох Regeneron International Science and Engineering Fair (ISEF) 2026-д түрүүлж, 100 мянган ам.долларын дээд шагналын эзэн болсон юм.

🏆 Дэлхийн шилдэг залуу судлаачдын дундаас тодорсон нь

АНУ-ын Аризона мужийн Финикс хотод зохион байгуулагдсан Regeneron ISEF 2026 тэмцээнд дэлхийн 65 гаруй улс, бүс нутгаас шалгарсан 1,725 залуу судлаач оролцжээ.

Энэ бол ахлах сургуулийн сурагчдын хувьд шинжлэх ухааны олимп гэхээс ч илүү нэр хүндтэй тэмцээн. Энд ирсэн хүүхдүүд зөвхөн онол ярьдаггүй, харин бодит асуудлыг шийдэх шинэ технологи, шинэ шийдлүүдийг танилцуулдаг.

Энэ жилийн тэмцээнд нийтдээ 7 сая ам.доллар хүртэлх шагнал олгосон бөгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан бүтээл нь Хикаругийн судалгаа байжээ. Тэрбээр тэмцээний хамгийн нэр хүндтэй шагнал болох George D.Yancopoulos Innovator Award-ыг хүртэж, дэлхийн шилдэг залуу зохион бүтээгчээр шалгарсан юм.

The Top 3 Grand Award Winners ISEF 2026, Phoenix: (L-R) Nikola Veselinov, 17, of Sofia, Bulgaria, Hikaru Kuribayashi, 17, of Sapporo, Japan, and Lakshmi Agrawal, 18, of Bellevue, Washington

🍃 Байгаль өөрөө хамгийн агуу инженер

Хикаругийн сонирхол багаасаа оригами буюу Японы уламжлалт цаас нугалах урлагаас эхэлжээ. Түүний хувьд оригами бол зөвхөн урлаг төдий зүйл биш байжээ. Тэрбээр байгаль дээрх олон бүтэц оригамитай төстэй зарчмаар ажилладгийг анзаарчээ.

Ургамлын навч дэлгэгдэх, шавжны далавч эвхэгдэн дэлгэгдэх, зарим амьтдын хөдөлгөөн хүртэл эвхэгддэг геометрийн бүтэцтэй холбоотой байдаг.

Хикару нэгэн ярилцлагадаа “Байгаль бол хамгийн агуу инженер. Навч, далавч, цэцэг гээд бидний өдөр бүр хардаг зүйлс дотор асар нарийн математик, инженерчлэл нуугдаж байдаг” хэмээн ярьжээ. Ийнхүү тэрбээр эдгээр хөдөлгөөнийг тайлбарлах цоо шинэ арга боловсруулах зорилго тавьсан байна.

A hand holding an accordion-folded origami structure in front of a science fair research poster about statistical origami and linkage mechanisms, with sections on key contributions, significance, and impact across fields."

🐞 Хатагтай цохны далавчнаас эхэлсэн нээлт

Хикаругийн судалгааны гол объект нь хатагтай цохны далавч байжээ. Энэхүү жижиг шавж нисэх үедээ далавчаа дэлгэдэг ч газардмагцаа маш жижиг орон зайд эвхэн хадгалдаг аж. Энэ үйл явц нь энгийн харагдавч маш нарийн бүтэцтэй.

Өмнөх судалгаанууд далавч хэрхэн хөдөлдгийг тодорхой хэмжээнд тайлбарлаж чаддаг байсан ч бүх боломжит хөдөлгөөнийг нэгэн зэрэг тооцоолох арга байгаагүй аж. Тиймээс Хикару шинэ төрлийн симуляцийн программ боловсруулжээ.

Түүний бүтээсэн систем нь нугалаас, цэг, шугамын мэдээллийг ашиглан тухайн бүтцийн хийж болох бүх хөдөлгөөнийг урьдчилан тооцоолох чадвартай болсон байна.

📊 Магадлалын онол инженерчлэлтэй уулзсан нь

Хикаругийн судалгааны гол онцлог нь Markov Chain Monte Carlo (MCMC) хэмээх статистикийн аргыг ашигласан явдал байжээ.

Энгийнээр хэлбэл, өмнөх аргачлалууд нэг удаад зөвхөн нэг хувилбарыг тооцоолдог байсан бол Хикаругийн системээр олон мянган боломжийг зэрэг шинжилж, хамгийн бодит үр дүнг гаргаж чаддаг болсон юм.

Үүний ачаар хатуу биет төдийгүй зөөлөн, уян материалуудын хөдөлгөөнийг ч илүү нарийвчлалтай дүрслэх боломж бүрджээ.

Энэ нь зөвхөн академик судалгаа биш, ирээдүйн инженерчлэлийн томоохон асуудлыг шийдвэрлэх алхам гэж шинжээчид үнэлж байна.

🚀 Сансрын технологиос эмнэлгийн төхөөрөмж хүртэл

Хикаругийн боловсруулсан арга бодит амьдрал дээр олон салбарт ашиглагдах боломжтой аж. Тухайлбал:

🔹 Хиймэл дагуулын эвхэгддэг нарны хавтан, нарны далбаа
🔹 Сансарт зөөвөрлөөд дараа нь дэлгэгддэг байгууламжууд
🔹 Хүний биед суулгах жижиг хэмжээний эмнэлгийн төхөөрөмжүүд
🔹 Онцгой байдлын үед түргэн босгодог хоргодох байр
🔹 Робот техникийн шинэ үеийн уян хатан механизм гэх мэт олон шийдлийг боловсруулахад энэхүү технологи ашиглагдаж болох юм байна.

Өөрөөр хэлбэл, байгалийн нууцыг ойлгосноор хүн төрөлхтөн илүү ухаалаг технологи бүтээх боломжтой болж байгаа ажээ.

🌟 Ирээдүй өнөөдөр эхэлж байна

Хикару Курибаяшигийн түүх нэг зүйлийг тод харуулж байна. Ирээдүй өнөөдөр лабораторид туршилт хийж буй хүүхдийн гараар, шинэ санаан дээр ажиллаж буй сурагчийн ширээн дээр, асуулт асууж буй бяцхан судлаачийн толгойд аль хэдийнэ эхэлчихсэн байх аж.

17 настай япон хүү дэлхийн хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны тэмцээнд түрүүлсэн нь зөвхөн нэг хүний амжилт биш. Энэ бол сониуч зан, хөдөлмөр, боловсрол гурав нийлвэл нас хамаарахгүйгээр ямар өндөрлөгт хүрч болдгийн тод жишээ юм.

🎈 Хүүхэд бүрт нээгдээгүй ертөнц бий

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүүхдүүд урлаг бүтээж, шинэ технологи зохион бүтээж, шинжлэх ухааны нээлт хийж, спортын дээд амжилт тогтоож байна.

Тэд бол ирээдүйн удирдагчид биш. Тэд бол өнөөдрийн дэлхийг өөрчилж эхэлсэн шинэ үеийн бүтээгчид юм.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. ❤️🌍🎉