Францын цагдаа нар Аваргуудын лигийн финалд Парисын Парис Сен-Жермен (ПСЖ) баг дараалан хоёр дахь удаагаа түрүүлсний дараа гарсан эмх замбараагүй байдлын үеэр улс даяар нийт 416 хүнийг саатуулжээ. Энэ талаар Францын Дотоод хэргийн сайдЛоран Нуньес мэдэгдсэн байна. Саатуулагдсан хүмүүсийн дийлэнх буюу 283 хүнийг Парис хотоос баривчилсан аж.
Хэдийгээр энэ жилийн Аваргуудын лигийн финал Будапешт хотод болсон ч тоглолтын үеэр болон дараа Францын хотуудад нийтийн хэв журмыг сахиулахын тулд 22 мянга орчим цагдаа ажиллуулснаас 8000 нь Парист үүрэг гүйцэтгэжээ. Аюулгүй байдлын үүднээс нийслэлд зарим трамвайн хөдөлгөөнийг зогсоож, хэд хэдэн метроны буудлыг хааж, зарим дүүрэгт автобусны үйлчилгээг ч түр хугацаагаар тасалдуулсан байна.

Елисейн өргөн чөлөөнд 20 мянган фанат цугларчээ
Парисын төв дэх Champs-Élysées өргөн чөлөөнд л гэхэд ойролцоогоор 20 мянган хөгжөөн дэмжигч цугларсан байна.
Сайд Нуньес "Фанатуудтай мөргөлдөх үеэр долоон цагдаа бэртэж, тэдгээрийн нэг нь хүнд гэмтэл авсан" гэж мэдээлжээ. Олныг тараахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.
Мөн цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, хөгжөөн дэмжигчдийн дундаас хоёр эмэгтэй бэртжээ. Нэг нь Сена мөрөнд унасны улмаас эмнэлэгт хүргэгдсэн бол нөгөө нь хутганы шарх авч эмнэлгийн тусламж авсан байна.
Үймээнд оролцогчдоос 24 дохионы гал (файер) болон 100 орчим пиротехникийн хэрэгсэл хураан авчээ.
Фанатууд зам хааж, салют бууджээ
Зарим хөгжөөн дэмжигчид Парисын тойрог хурдны зам болох Периферик тойрог замыг хааснаар хөдөлгөөн түр хугацаанд саатсан байна. Сайд Нуньесийн хэлснээр, уг замыг дөрвөн удаа хаах оролдлого гарч, эрх баригчид тэдгээрийг бүрэн зогсоож чадаагүй аж.
Мөн зам хааснаас үүдэн гарсан ослын улмаас скутерийн жолооч болон зорчигч хүнд бэртсэн талаар Францын хэвлэлүүд мэдээлжээ.
Парист нийтдээ зургаан автомашин, мөн ПСЖ клубын гэрийн цэнгэлдэх хүрээлэн болох Парк де Пренс орчмын нэг талх нарийн боовны газар, нэг ресторан эвдэрч сүйджээ. Түүнчлэн Елисейн ордны ойролцоох автобусны буудал эвдэрч, зарим фанатууд дугуй шатаасан байна.
Үүнээс гадна Ренн, Страсбург, Клермон-Ферран, Гренобль зэрэг Францын бусад хотуудад ч дэд бүтэц эвдэрч, зарим дэлгүүрийг дээрэмдсэн талаар мэдээлжээ.
Урьдчилан авсан арга хэмжээ үр дүн багатай байв
ПСЖ өнгөрсөн жил түүхэндээ анх удаа Аваргуудын лигт түрүүлэхэд мөн адил үймээн самуун гарч байсан тул энэ удаад эрх баригчид болон бизнес эрхлэгчид урьдчилан бэлтгэл хангасан байна. Тухайлбал, олон дэлгүүр, үйлчилгээний газрын шилэн фасадыг тоглолт эхлэхээс хэдэн цагийн өмнө хамгаалалтын хаалтаар бүрхжээ.
Гэсэн хэдий ч эдгээр арга хэмжээ нь эмх замбараагүй байдал болон эд хөрөнгийн хохирлыг бүрэн таслан зогсоож чадаагүй байна.
Ялалтын парад төлөвлөгөөний дагуу болно
Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн мэдэгдсэнээр, шөнийн үймээн самуун гарсан ч ПСЖ багийн ялалтыг тэмдэглэх албан ёсны баярын арга хэмжээ тавдугаар сарын 31-нд товлосон ёсоор зохион байгуулагдах аж.
Багийн тоглогчид оролцох ялалтын парадад 100 мянга орчим хүн цугларах төлөвтэй байгаа юм байна.. Үүний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэднийг Елисейн ордонд хүлээн авч уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: DW