Бурхан багшийн их дүйчэн өдөр (пали, Санскрит: Vaiśākha) нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр юм.

Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Монгол Улсад 1992 оноос хойш албан ёсоор тэмдэглэх болсон ба УИХ-аар 2019 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан билээ.

Бурхан багшийн их дүйчэн өдөр аргын тооллоор 2023 оны зургадугаар сарын 4-нд, 2026 оны тавдугаар сарын 31-нд тохиож байна.

Түүх

Буддын шашинтнууд олон зуун жилийн өмнөөс их дүйчэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байжээ. 1950 онд Шри Ланкад зохиогдсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар уг өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчин өдөр гэж албан ёсоор тодорхойлжээ.

Дэлхийн буддистуудын холбооны чуулганаас Балбын эрхэмсэг махаража Весакийн их дүйчэн сарын шинийн 15-ныг тус улсын нийтээр тэмдэглэх баяр болгосон өршөөнгүй шийдвэрт талархаж байгааг тэмдэглэхийн сацуу ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ачит багш Буддын дурсгалд зориулж, тавдугаар сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгохыг олон, цөөн гэлтгүй буддистууд амьдардаг бүх орны засгийн газрын тэргүүнүүдэд уриалжээ.

1999 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага өөрийн төв байр болон дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа их дүйчэн өдрийг тэмдэглэх болсон байна. 

Монгол Улсад

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж "Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр. Сайн сайхан зүйлийн төлөө улам хичээцгээе!" гэж хэллээ. 

Монгол Улсад тэмдэглэж буй энэ жилийн Их дүйчэн өдрийн онцлог нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг анх удаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад залсан явдал юм.

Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэгтэн олон өнөөдрөөс эхлэн ирэх сарын 9-ний өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд ринсэлд мөргөн, буян хурааж болох ажээ.

Энэхүү өдөртэй холбогдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд дараах хөтөлбөрийн дагуу ном хурах юм.

Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр:

Тавдугаар 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.

Өглөө 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.

09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.

14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна. Хүрэлцэн ирж, оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болох ажээ.