Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын аварга шалгаруулах "Дронкон-2026" олон улсын тэмцээн "Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд эхэллээ.
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр үргэлжилнэ.
Зам тээврийн яамнаас мэдээлснээр, энэхүү тэмцээнд “5 инчийн мэргэжлийн дрон”, “65мм-ийн бага оврын дрон”-ы уралдаан, “Дроны хөлбөмбөг” гэсэн 3 төрлөөр БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Казакстан зэрэг улсын 52 баг тамирчин оролцож байгаа ажээ.

Харин “BU-AIRSHOW” буюу "Буянт-Ухаа Эйр Шоу” нь манай улсын нисэхийн салбарыг сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг тусгай хөтөлбөрт үйл ажиллагаа юм.
Энэ шоуг 2022 оноос эхлэн жил бүр онцлог хөтөлбөртэй зохион байгуулдаг. Тухайлбал, 2023 онд БХЯ-ны баг тамирчид, 2025 онд ОХУ-ын алдарт “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор уран нислэгийн үзүүлбэр сонирхуулж байсан юм.
Энэ жил Монгол Улсад “Dronechon 2026”-тай зэрэгцэн зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд нисэхийн салбар, дрон технологи, олон нийтийн хөтөлбөр, соёл урлаг, танин мэдэхүйн үйл ажиллагааг нэг дор хамтад нь зохион байгуулж байна.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус тэмцээнийг УИХ-ын 2020 оны тогтоолоор баталсан, Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт, Засгийн газрын 2024 оны тогтоолоор баталсан нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглалтын талаар авах арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байна. Тэмцээн нь цахим хөгжил, инновац, дэвшилтэт технологи, залуусын хөгжил, нисгэгчгүй нисэх хэрэгслийн салбарыг дэмжих зорилготой юм.

