АНУ-ын Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи, “Оскар” шагналыг олгодог байгууллага, хэд хэдэн нэр төрлийн ангиллын дүрмээ шинэчилж, анхны бүтээлч зохиогчийн оролцооны ач холбогдлыг онцолсон ч хиймэл оюун (AI)-ыг ашиглахыг бүрэн хориглоогүй байна.
Тус байгууллага 2027 оны шагнал гардуулах ёслолд бэлтгэх хүрээнд AI-ийн үүрэг, нөлөөг анх удаа авч үзсэн талаар AP агентлаг тавдугаар сарын 2-нд мэдээлжээ.
Шинэ дүрэмд AI хэрэгслүүд нь “нэр дэвших боломжид нөлөөлөхгүй, нэмэр болохгүй ч саад болохгүй” гэж заасан бөгөөд Академи болон түүний салбар бүр шагналд нэр дэвшүүлэхдээ тухайн бүтээлд хүний бүтээлч оролцоо ямар хэмжээнд байсныг харгалзан үнэлэх аж. Мөн зураг авалтын багуудаас AI хэрхэн ашигласан болон “хүний зохиогчийн оролцооны” талаар нэмэлт мэдээлэл шаардах эрхийг хадгалж буй юм байна.
Харин жүжигчний шагналын хувьд зөвхөн “илт хүний гүйцэтгэлтэй” бөгөөд “тухайн хүний зөвшөөрөлтэй” дүрүүдийг нэр дэвшүүлэх боломжтой гэж заажээ. Ингэснээр AI-аар бүтээсэн дүрүүд, тухайлбал Тилли Норвуд зэрэг виртуал жүжигчид шагналд өрсөлдөх боломжгүй болж буй аж.
Энэхүү шийдвэр нь Холливудын жүжигчин Вэл Килмерийн дижитал хувилбар “As Deep as the Grave” киноны трейлерт, архивын бичлэг болон гэр бүлийнхний дэмжлэгтэйгээр ашиглагдсаны дараа гарчээ. Мөн Академи сценарийн хувьд тодорхой байр суурь илэрхийлж, “Сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд зохиолууд бүрэн хүний гараар бичигдсэн байх ёстой” гэж онцолсон байна.
Үүнээс гадна олон улсын бүрэн хэмжээний киноны ангилалд өөрчлөлт орж, зөвхөн улсын албан ёсны байгууллагаас нэр дэвшүүлэх бус, Каннын кино наадам, Берлиний кино наадам, Пусаны кино наадам, Венецийн кино наадам, Торонтогийн кино наадам зэрэг томоохон фестивалийн гол шагнал хүртсэн бүтээлүүдийг мөн нэр дэвшүүлэх боломжтой болжээ.
Өмнө нь зөвхөн үндэсний байгууллагуудаар дамжуулан нэр дэвшүүлдэг байсан нь авторитар дэглэмтэй орнуудад засгийн газрыг шүүмжилсэн кинонуудын хувьд хүндрэл учруулдаг байсныг AP онцолсон байна. Цаашид нэр дэвшигчээр улс биш, харин кино өөрөө бүртгэгдэх бөгөөд хэрэв боломжтой бол найруулагчийн нэрийг тухайн улсын хамт шагналын хөшөөн дээр бичих аж.
“Оскар”-ын шагнал гардуулах 99 дэх удаагийн ёслол 2027 оны гуравдугаар сарын 14-нд болно гэж Академи өмнө нь мэдэгдсэн. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, арванхоёрдугаар сарын 31-нд дуусах бөгөөд нэр дэвшүүлэх санал хураалт 2027 оны нэгдүгээр сарын 11-нээс 15-нд явагдах юм байна.
Нэр дэвшигчдийн жагсаалтыг 2027 оны нэгдүгээр сарын 21-нд зарлаж, эцсийн санал хураалт хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 4-ний хооронд үргэлжлэх ажээ.
Эх сурвалж: DW