Шадар сайд Н.Номтойбаяр Төв аймгийн Заамар суманд болсон харамсалтай ослын талаар мэдээлэв. Тэрбээр Засгийн газрын тавдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн дагуу Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Евразийн эдийн засгийн форумд Монгол Улсаа төлөөлөн оролцож байх хугацаанд эх оронд нь бага насны хүүхэд хуучин уурхайн цооногт унасан эмгэнэлт хэрэг гарсныг дурдсан байна.
Одоогоор ОБЕГ-ын Уул уурхайн аврах тусгай ангийн алба хаагчид гурван настай хүүхдийг аврахаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 31 метрийн гүнд хүрэхийн тулд хөндлөн малталтын ажиллагаа явуулж байна. Хөрсний бүтэц сул тул ямар нэгэн доргилт үүсгэхгүй байх шаардлагатай учир бүх ажиллагааг гар аргаар гүйцэтгэж байгаа аж.
Аврагчид нэг метрийн өндөр, 80 сантиметрийн өргөнтэй хонгилыг ойролцоогоор 12 метр ухаж, зорилтот цэгт хүрэхээр ажиллаж байгаа бөгөөд ажиллагаа өндөр эрсдэлтэй нөхцөлд үргэлжилж байна. Доргилт үүсвэл аврагчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул ажиллагааг маш болгоомжтой явуулж буйг онцоллоо.
Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд нөхцөл байдалд анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагуудын ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүйгээр шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгааг мэдэгдсэн байна.