НЭМЭЛТ: 12.20 ЦАГ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Говийн усны Онги Цагаанбургастай төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсыг хөгжүүлэх 2027 оны төлөвлөгөөнөөс хаслаа! Говийн ард түмэн энэ төрд өргүй! Бид баялгаа өгдөг, хариуд нь ус хүсч байна! Бид төрсөн нутагтаа сайхан амьдрахыг хүсч байна!" гэлээ.
НЭМЭЛТ: 10.45 ЦАГ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцэслэн батлах асуудлаарх санал хураалтыг түр хойшлуулав.
Мөн Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хороонд шилжүүлсэн байна. Үүний дараа Байнгын хорооны саналаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг мөн түр хойшлуулсан юм.
Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Тус хуулийн төслийг П.Батчимэг гишүүний хамт өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн гол зорилго нь хүүхдүүд зам тээврийн осол, гэмтэлд өртөж буй замбараагүй хэрэглээг зохицуулахад чиглэж байгаа. Гэвч төслийг өргөн барьснаас хойш агуулгынх нь 70 орчим хувийг өөрчилсөн байна. Зарим зохицуулалтыг дэмжиж байгаа ч тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх нэрийн дор шинэ төрлийн бизнес бий болгох оролдлого орж ирснийг дэмжихгүй. Мөн скүүтерийг мопедын ангилалд хамруулж байгаа нь эрсдэл дагуулж мэднэ.
Одоогийн байдлаар скүүтер 25 км/цаг хүртэл хурдлах боломжтой байхад ийм хурдтай хэрэгслээс үүдсэн осол, гэмтэл цөөнгүй гарч байна. Харин мопедын ангилалд оруулснаар ирэх жилүүдэд 50 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай скүүтер оруулж ирэх боломж бүрдэх бөгөөд энэ нь осол, гэмтэл нэмэгдэх эрсдэлийг улам өсгөнө” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын саналд тайлбар өглөө. Тэрбээр "Бидэнд хоёр л сонголт байгаа юм. Насанд хүрээгүй хүнийг мопед унуулаад замын хөдөлгөөнд оруулах юм уу, явган хүний зам дээр явуулах юм уу. Явган хүнээ хамгаалж явган хүний зам дээр явуулахгүй гэдэг олон улсын дүрмийн дагуу бол авто зам руу оруулах болоод байгаа юм. Тэгэхээр дахиад эрсдэл үүснэ. Тиймээс нэгдүгээрт 18 насанд хүрсэн хүн энэ тээврийн хэрэгслийг жолоодно.
Автомашинуудтай зэрэгцээд замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас сургалтад заавал хамрагдана гэж байгаа юм. Үүнийг заавал бизнесийн байлаар ойлгох шаардлагагүй. Түрээсийн компаниуд өөрсдийн аппликэйшнээр үйл ажиллагаа явуулж байгаа. Түүн дээрээ наад захын ойлголт өгөх сургалтууд оруулж, тест авч, тэнцсэн хүмүүстээ түрээсэлчих.
Хоёрдугаарт, замын маршрутаа техникийн шийдлээр шийдэх боломжтой. Зориулалтын зам байхгүй газар мопед явах юм бол өөрөө автоматаар зогсох техникийн шийдлийн боломжтой юм билээ. Энэ бүх эрсдэлийг тооцож байгаад хамгийн боломжит хувилбараар саналыг тусгасан" гэв.
Гишүүд үг тайлбар хэлж дууссаны дараа дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Санал хураалтад 94 гишүүн оролцож, 63.8 хувийн саналаар эдгээр санал дэмжигдлээ.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг “Энд ойлголтын зөрүү гарч байх шиг байна. Одоогийн мөрдөж буй замын хөдөлгөөний дүрмээр 50 км/цаг хүртэлх хурдтай мопед ангилалгүй бөгөөд 16 настай хүүхэд унах боломжтой байдаг. Скүүтерийг мопедтой адилтган зохицуулалтад оруулах нь скүүтер хэрэглэгчдийг замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд зохицуулах шаардлагатай холбоотой” гэсэн тайлбар өгсөн юм.
Ийнхүү хэлэлцсэний эцэст Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
ЧУУЛГАН: 2027 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай хэлэлцэнэ
УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2026.05.29-ний баасан гаргийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
