Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон энэ сарын 28-нд Владимир Зеленськийг хүлээн авч уулзахаар болсон талаар Шведийн Засгийн газар Стокхольм хотноо мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч мөн өөрийн Telegram хуудсаар дамжуулан Швед улсад хийх ажлын айлчлалаа баталгаажуулсан байна.
Зеленский “Украинд зориулсан томоохон батлан хамгаалахын багц болон Gripen сөнөөгч онгоцтой холбоотой чухал алхмыг хийхээр бэлтгэж байна. Энэ нь манай байлдааны нисэх хүчний чадавхыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ. Өнөөдөр Ерөнхий сайд Ульф Кристерссонтой уулзахаас гадна Шведийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчидтэй өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийхээр төлөвлөсөн” хэмээн бичжээ.
Үүнээс өмнө Шведийн Aftonbladet сонин Шведийн эрх баригчид Saab компанийн үйлдвэрлэдэг JAS 39 Gripen сөнөөгч онгоцны багцыг Украинд нийлүүлэхээр бэлтгэж буй талаар мэдээлсэн байна. Тус хэвлэлд дурдсанаар, Ерөнхий сайд Ульф Кристерссон тавдугаар сарын 28-нд хийх хэвлэлийн бага хурлын үеэр JAS 39 C/D загварын онгоцуудыг Киевт нийлүүлэхээ албан ёсоор зарлах төлөвтэй байгаа аж.
Мөн үүнтэй зэрэгцэн Украинд нэмэлтээр JAS 39 E загварын онгоц худалдах асуудлаарх хэлэлцээ эхлэх юм байна. Эдгээр онгоцны төлбөрийг Европын Холбооны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөж буй талаар эх сурвалж онцолжээ.
Түүнчлэн Кристерссон Уппсала хот дахь Уппландын нисэх хүчний эскадрильд зочилж, ОХУ-ын түрэмгийллээс хамгаалж буй Украинд үзүүлэх цэргийн дэмжлэг, тэр дундаа сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлаар мэдэгдэл хийхээр төлөвлөсөн байна.
Украины тал нийт 150 хүртэлх Gripen сөнөөгч онгоц авах сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлжээ. Зеленскийн мэдээлснээр, эхний онгоцууд 2026 оноос Украины Зэвсэгт хүчний мэдэлд шилжиж эхлэх аж.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчнийхэн Gripen онгоц нь ижил ангиллын бусад сөнөөгчтэй харьцуулахад ашиглалтын зардал багатай, засвар үйлчилгээ хямд бөгөөд Украины агаарын довтолгооноос хамгаалах системд амжилттай нэгтгэх боломжтойг онцолжээ.
Украин, Швед 2025 оны аравдугаар сард хамгийн сүүлийн үеийн JAS 39 Gripen E/F загварын 100-150 онгоц худалдан авах гэрээ байгуулах зорилтын хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Украины Militarnyi хэвлэлд мэдээлснээр, Saab компани жилд 20-30 ширхэг Gripen онгоц үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой аж.
Мөн РБК-Украина агентлагийн онцолсноор, Gripen сөнөөгч онгоц нь тархмал байрлалд ашиглах боломжтой, энгийн авто зам болон богино зурвас бүхий нисэх буудлаас хөөрч, буух чадвартайгаас гадна цөөн тооны техникийн ажилтнаар үйлчилгээ хийх боломжтой давуу талтай юм байна.
Эх сурвалж: DW