УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлт буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай асуудлыг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц-ийн 2026 оны тавдугаар сарын 8-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг гаргасан талаар мэдээлэв.
Тус асуудлын танилцуулгыг УИХ-ын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сандаг-Очир хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Б.Баярбаатар, Дамдинсүрэнгийн Цогтбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсад хууль дээдлэх зарчим оршин тогтнож буй нь энэхүү шийдвэрийн гол агуулга, ач холбогдол болохыг онцолж байв. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийлэхдээ, Үндсэн хуулийн цэцийн сүүлийн үеийн дүгнэлтүүд хоорондоо уялдаа холбоотой байгаа талаар онцоллоо.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэхгүйгээр удаа дараа эс үйлдэл гаргаж, улмаар ийм дүгнэлт Цэцээр гаргуулж байгаа нь өөрөө анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанаас гадна төрийн тогтолцоотой холбоотой олон асуудлыг тус хуульд тодорхой зохицуулах шаардлагатай байсан ч өнгөрсөн зургаан жилийн хугацаанд зориуд орхигдуулсан.
Үүнийг бүгд мэдэж байгаа. Санаатайгаар эс үйлдэл гаргаж байна гэж хардахаар нөхцөл үүссэн. Мөн Үндсэн хуулийн цэцээс өчигдөр гаргасан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа томилох зохицуулалтыг хүчингүй болгосон асуудлыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэхгүй байгаа ч энэ нь өнөөдөр яригдаж буй дүгнэлттэй шууд холбоотой гэж харж байна.
Үндсэн хуулийн цэц өмнө нь ч гаргасан шийдвэрүүдээ хэд хэдэн удаа өөрчилж ирсэн. Сонгуулийн тогтолцоо, давхар дээл, Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудлуудад ч байр сууриа өөрчилж байсан жишээ бий. Тиймээс Цэц шийдвэрээ өөрчилдөг нь шинэ зүйл биш.
Харин энэ удаа Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн дахин томилгооны асуудлыг яагаад сөхөж байгаа нь анхаарал татаж байна. Энэ бол зөвхөн ерөнхий шүүгчийн асуудал биш. Зургаан жилийн хугацаатай, зөвхөн нэг удаа томилогддог бусад албан тушаалтнуудад ч нөлөөлөх эрсдэлтэй асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн асуудлаар дамжуулан туршилт хийж байна гэх хардлага төрж байна.
Ингэж үзэх шалтгаан нь өчигдрийн Цэцийн хуралдааны үеэр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн байр суурьтай холбоотой. Тэрбээр ‘Нэг удаа улиран томилогдож болно гэсэн зохицуулалтыг Цэц өөрөө хүчингүй болгосон атлаа бусад этгээдэд хэрэгжүүлэхээс татгалзах нь үндэслэлгүй’ гэж хэлсэн. Энэ нь яг хэнийг хэлээд байна вэ?” гэв.