Ардчилсан намаас өнөөдөр “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоо болон Батлан хамгаалахын сайдын хариуцлагын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Үндсэн хуулийн цэц нь ардчилсан Үндсэн хуулийн дуу хоолой байх ёстой атал зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байхад шийдвэр гаргасаар байгаа нь улс төрийн ашиг сонирхолтой холбоотой байж болзошгүй гэж үзэж буйгаа мэдэгдэв.
Тэрбээр, хуулийн дагуу бүрэн эрхийн хугацаа нь дууссан Цэцийн гишүүдийн талаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж, дараагийн гишүүнийг томилуулах ажиллагааг эхлүүлэх ёстойг онцолсон юм. Хэрэв ийм бичгийг УИХ-ын Тамгын газар явуулаагүй бол асуудлыг зориудаар гацааж байна гэж үзэх үндэслэлтэй. Харин албан бичиг хүргүүлсэн атлаа томилгоо хийгдээгүй бол энэ нь УИХ-ын дарга болон Үндсэн хуулийн цэцийн даргын хариуцлагын асуудал болно гэв.
Мөн тэрбээр Улсын дээд шүүхийг Монгол Улсад шударга ёс тогтоох ёстой дээд байгууллага хэмээн тодорхойлоод, авлигын индексээр Монгол Улс 124 дүгээр байр руу ухарсан нь зөвхөн Авлигатай тэмцэх газрын бус, шүүх засаглалын ч хариуцлага гэж мэдэгдлээ.
Сүүлийн жилүүдэд шударга ёсны тогтолцоо сайжраагүй, харин ч улс төрийн зорилгоор сөрөг хүчний улстөрчдөд эрүүгийн хэрэг үүсгэж, дарамт шахалт үзүүлэх байдал газар авсан гэж тэр үзэж байна.
Түүнчлэн эрүүгийн бодлого бизнес эрхлэгчид болон эрх баригчдыг шүүмжилдэг иргэд рүү чиглэж байгааг шүүмжилж, хүний үндсэн эрх, халдашгүй байдлыг хангах асуудалд анхаарах шаардлагатайг дурдсан юм. Тэрбээр мөрдөн шалгах байгууллагууд “мөрдөн байцаалтын нууц” гэх нэрийн дор хүний эрхэд халдах явдал түгээмэл болсон гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэв. Тэрбээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа зургаан жилийн хугацаагаар улируулан томилж болно” гэсэн шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа онцолсон юм.
Түүний хэлснээр, уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн тусгай санал гаргасан бөгөөд Цэцийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа аль хэдийн дууссан байхад ийм шийдвэр гаргаж буй нь хууль ёсны эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэв. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болсон бол гишүүн Г.Өлзийсайхан ажлаа өгснөөс хойш зургаан сар өнгөрсөн талаар дурдсан юм.
Л.Мөнхбаясгалан мөн төрийн өндөр албан тушаалтнуудыг зургаан жилээс дээш хугацаагаар ажиллуулах нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тиймээс Ардчилсан нам энэ асуудлыг эсэргүүцэж, “Эсэргүүцлийн хороо” байгуулан, шаардлагатай тохиолдолд Улс төрийн зөвлөл болон Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлан хуралдуулахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг албан тушаалаас нь огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн талаар мэдээлсэн юм. Тэд цэргийн алба хааж буй залуусын амь нас, аюулгүй байдлыг төр онцгой анхаарах ёстойг онцолж, эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулахаас айдаг нөхцөл үүсч болохгүй гэж мэдэгдлээ.
Ардчилсан намын зүгээс, хэрэв Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцохгүй бол дараагийн улс төрийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ мөн анхааруулав.