Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ.
Долоон хоног үргэлжлэх тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөх бөгөөд Монголын баг өчигдөр Польшийн Варшав хотыг зорилоо. Манай эрэгтэй, эмэгтэй баг чансааны аравдугаар байрт жагссан бөгөөд хоёулаа “В” хэсэгт багтжээ.
Польшийн Варшав хот манай улсаас зургаан цагийн зөрүүтэй учраас тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнө болно. 2026 оны ДАШТ-ийг Премьер Спортс Нэтворк” телевиз шууд дамжуулах аж. Тэмцээнтэй холбоотой мэдээлэл хүргэе.
Эрэгтэй

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтжээ. Өөрөөр хэлбэл, үндсэн бүрэлдэхүүний 75 хувийг өөрчилсөн гэсэн үг. Манай баг “В” хэсэгт Чех, Польш, АНУ, Латвитай таарлаа. Латви, АНУ-тай өнгөрсөн жил эх орныхоо дэвжээнд таарч хожигдож байв. Тэгвэл энэ удаа Варшавын талбайд даагаа нэхэх боломж гарлаа. Хэсгийн тоглолтын хуваарийг хүргэе.
Зургадугаар сарын 2
23:55 цагт: Чех-Монгол
Зургадугаар сарын 3
01:45 цагт: Монгол-Польш
Зургадугаар сарын 5
01:20 цагт: Монгол-АНУ
03:10 цагт: Латви-Монгол
Эмэгтэй

Эмэгтэйчүүд чансааны аравдугаарт жагсаж, “В” хэсэгт багтлаа. Энэ хэсэгт Австрали, Испани, АНУ, Унгартай нэг хэсэгт таарав. Манай баг өнгөрсөн жил эх орондоо болсон тэмцээний хэсгийн тоглолтод Испанид хожигдсон бол шөвгийн наймд АНУ-ыг буулган авч байлаа. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Э.Нарангоо, Б.Болор-Эрдэнэ нар багтжээ.
Мэдүүлэгт Н.Нандинхүсэлийн нэрийг өгсөн байсан ч тодорхой шалтгааны улмаас тэрбээр ДАШТ-д оролцох боломжгүй болж, түүнийг Э.Нарангоогоор орлуулав. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх ойртсон энэ өдрүүдэд @3x3newsletter.com сайтаас таван эмэгтэй тоглогчийг онцолсны нэг нь О.Хулан байна.
Түүний талаар “Хулан бол жинхэнэ дэлхийн хэмжээний од бөгөөд Монголын 3x3 сагсан бөмбөгийн бэлгэ тэмдэг болсон тамирчин. Тэр холын зайн шидэлт болон самбар доорх хүчтэй тоглолтыг хослуулсан универсал тоглогч юм.
Түүний амжилтууд Монголд, ялангуяа охидын дунд 3x3 сагсан бөмбөгийн жинхэнэ тэсрэлт авчирсан. Манай хайртай спорт энэ улсад үндэсний спорт болсон гэхэд хилсдэхгүй. Итгэхгүй байна уу? Тэгвэл Токиогийн олимпын нээлтийн ажиллагаанд Монголын шигшээ багийн төрийн далбааг барих эрхтэй болсон анхны эмэгтэй тамирчин нь тэр байсныг бодоод үзээрэй.
Түүний баг Дэлхийн аваргын хамгийн хүнд хэсэгт тоглох гэж байна. Тэд маш эрт мултарч ч мэднэ, эсвэл бүр эцсээ хүртэл явж ч болох юм” гэжээ.
Эмэгтэйчүүдийн тоглолтын хуваарийг хүргэе.
Зургадугаар сарын 3
00:30 цагт: Монгол-Австрали
02:20 цагт: Монгол-Испани
Зургадугаар сарын 5
00:30 цагт: АНУ-Монгол
02:45 цагт: Унгар-Монгол