Хүмүүн.мн сайт энэ удаагийнхаа "HUMAN" буландаа Аргентины
Ерөнхийлөгч Хавьер Милейг онцолж байна.
Хавьер Милей дэлхийн улс төрд хамгийн их анхаарал татаж буй, маргаан дагуулсан шинэ үеийн удирдагчдын нэг. Түүнийг гаднын хэвлэлүүд "Мини-Трамп" гэж хочлох нь бий.
Тэрбээр 1970 онд Буэнос-Айрест төрж, эдийн засгийн боловсрол эзэмшсэн бөгөөд олон жил их сургууль болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллахдаа инфляц, төв банкны бодлого, төрийн хэт оролцоог хүчтэй шүүмжилдэг эдийн засагч гэдгээрээ танигджээ.
Улс төрд орохоосоо өмнө тэр телевизийн шинжээч, илтгэгч байсан бөгөөд уламжлалт улс төрчдийн эсрэг хурц байр суурь илэрхийлж, олны анхаарлыг татсан байна.
Милей либертари үзэл баримтлалтай. Тэр төрийн оролцоог эрс багасгах, татварыг бууруулах, төв банкийг татан буулгах, зах зээлийн чөлөөт тогтолцоог бүрэн дэмжих зэрэг радикал эдийн засгийн бодлогоороо алдаршжээ.
Тэрбээр 2023 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр гартаа хайч, хөрөө барин тайзан дээр гарч ирж, төрийн зардлыг “хайчлах”, төрийн аппаратыг цомхотгох зорилтоо бэлгэдсэн нь түүний улс төрийн дүр төрхийг тодорхойлох гол бэлгэ тэмдэг болсон аж.
Милейг 2023 онд Аргентины Ерөнхийлөгчөөр сонгогдох үед тус улс өндөр инфляц, валютын уналт, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдалд нэрвэгдсэн байжээ. Ажилдаа ормогц тэрбээр төсвийн алдагдлыг бууруулах, төрийн зардлыг эрс танах, эдийн засгийг либералчлах чиглэлд хатуу шинэчлэлүүдийг эхлүүлсэн байна.
Түүний хэрэгжүүлж буй бодлогыг “шок эмчилгээ” гэж нэрлэдэг аж. Энэ нь богино хугацаанд хүчтэй өөрчлөлт хийж, эдийн засгийг тогтворжуулах зорилготой боловч нийгэмд эсэргүүцэл, амьдралын өртгийн өсөлт, ажилгүйдлийн дарамт зэрэг асуудлыг дагуулж буй.
Гадаад бодлогын хувьд Милей АНУ-тай ойр харилцаа тогтоохыг эрмэлзэж, Хятад болон BRICS-ийн орнуудаас зай барих хандлагатай байр суурь баримталдаг, чөлөөт худалдаа, барууны эдийн засгийн загварыг илүү дэмждэг байна.
Түүний улс төрийн хэв маяг нь хурц үг хэллэг, шууд байр суурь, популист өнгө аяс, уламжлалт системийг эсэргүүцсэн дүр төрхөөр тодорхойлогддог тул дэмжигчид нь түүнийг “шинэчлэгч” гэж үздэг бол эсэргүүцэгчид нь “эрсдэлтэй туршилт хийж буй удирдагч” гэж шүүмжилдэг ажээ.
Өнөөдрийн байдлаар түүний өмнө эдийн засгийг тогтворжуулах, инфляцыг бууруулах, улс төрийн дэмжлэгээ хадгалах, хэрэгжүүлж буй хатуу реформуудын талаарх нийгмийн эсэргүүцлийг даван туулах зэрэг томоохон сорилтууд тулгарч буй юм байна.
Түүний бодлогын үр дүн зөвхөн Аргентины ирээдүйг бус, Латин Америкийн улс төр, эдийн засгийн чиг хандлагад ч нөлөөлөх өндөр магадлалтай гэж судлаачид үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: REUTERS, INTERNAZIONALE