Засгийн газрын өнөөдөр /2026.05.27/-ийн ээлжит хуралдаанаар боловсролын салбарын шинэчлэл болон төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлттэй холбоотой хэд хэдэн чухал шийдвэр гаргасныг холбогдох албаныхан танилцууллаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ Ерөнхий сайдын санаачилсан “Монгол хүүхдийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх” төслийн хүрээнд боловсролыг Монголын хамгийн том мега төсөл болгон хэрэгжүүлж байгааг онцлов. Тэрбээр хүүхэд бүр гэртээ ойр, чанартай сургуульд суралцах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ хот, хөдөөгийн болон төв, алслагдсан бүсийн сурагчдын сурлагын ялгааг бууруулах зорилт тавин ажиллаж байгааг хэлсэн юм.
PISA олон улсын үнэлгээгээр Монголын сурагчид математик, байгалийн ухаан, унших чадварын түвшнээр дунджаар таван жилийн хоцрогдолтой гэсэн дүгнэлт гарсан тул сурагчдын ур чадварыг сайжруулах хүрээнд боловсролын цахим шилжилтийг эрчимжүүлж, хүүхэд бүрийг компьютерээр хангах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд ирэх онд эхний ээлжид 100 мянган хромбүүк худалдан авч, цаашид нийт 300 мянган төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөсөн байна.
Нэг хромбүүкийн үнийг дунджаар 1.5 сая төгрөгөөр тооцож байгаа бөгөөд нийт төсөв нь 350 орчим тэрбум төгрөгт хүрэх аж. Харин уг төсөл нь улсын төсвөөс санхүүжихгүй бөгөөд одоогийн байдлаар нэг компьютерийг дунджаар 10 хүүхэд ашиглаж байгаа бол шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр хоёр хүүхэд тутамд нэг компьютер ногдох боломж бүрдэхийг салбарын сайд онцоллоо. Мөн “Эдүтэн”, “Мозайк” зэрэг боловсролын цахим платформууд үргэлжлэн хэрэгжинэ гэв.
Мөн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компаниудын бүтцийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг чиг үүргийн давхардалтай, үр ашиг багатай 10 компанийг татан буулгах шийдвэр гаргажээ.
Энэ талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэхдээ төрийн өмчит компаниудын шинэчлэл олон жилийн турш яригдсан ч энэ удаа бодит өөрчлөлт эхэлж байгааг онцолсон байна.
Түүний хэлснээр “Эрдэнэс Монгол” цаашид уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохоос илүүтэй хөрөнгө удирдлага, олон улсын зах зээлээс хөрөнгө татах, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрч ажиллах аж.
Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд үнэ цэн өсөх төсөл, хөрөнгө оруулалтад чиглүүлэх замаар байгалийн баялгийн өгөөжийг өсгөх зорилт тавьжээ.
Шинэчлэлийн хүрээнд 10 компанийг татан буулгаснаар 260 орчим орон тоог оновчтой болгож, захиргааны зардлыг 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувь бууруулан нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэж тооцсон байна.
Татан буулгах компаниудын нэрсийг ирэх зургадугаар сарын 15-нд зарлах бөгөөд мөн энэ өдрөөс “Эрдэнэс Монгол” компанийн нэрийг “Чингис хаан үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчилж, олон улсын хөрөнгийн зах зээлд чиглэсэн шинэ бүтэцтэйгээр ажиллуулахаар болжээ.
Түүнчлэн Үндэсний хуримтлалын сангийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхдөө одоогийн байдлаар иргэн бүрийн хуримтлалын дансанд дунджаар 500 мянган төгрөг төвлөрөөд байгааг дурдсан бөгөөд оны эцэс гэхэд энэ дүнг нэг сая төгрөгт хүргэх, цаашлаад 2030 он гэхэд нэг иргэний хуримтлалыг 2-3 сая төгрөгт хүргэх зорилт тавин ажиллаж байгааг мэдэгдлээ.