Монгол Улсын соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2026 оны наймдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус фестиваль Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж буй юм.

Мөн өвлөн уламжлагчдыг тодруулах, тэдний авьяас чадварыг дэмжих, залуу үед өв соёлыг өвлүүлэх чухал ач холбогдолтой билээ.

Фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ерөнхий зохион байгуулалт, дэд бүтэц, нийтлэг үйлчилгээ, их тайзны зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, хэвлэлийн бүтээгдэхүүн зэрэг ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж буй юм байна.