“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг 2026 онд уран бүтээлийнхээ 10 жилийн ойтойгоо золгож, энэ түүхэн ойн баяраа эх орондоо, монголчуудтайгаа хамт өргөн дэлгэр тэмдэглэхээр төлөвлөжээ. Хамтлагийн гоцлол дуучин Г.Нямжанцан өмнө нь ойн арга хэмжээгээ Монголд эхлүүлэхээр зорьж буйгаа илэрхийлж байв.
Албан бус мэдээллээр, тус хамтлагийнхан ойн баярынхаа гол тоглолтыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь зөвхөн нэгэн тоглолт бус, монгол рок урсгалыг дэлхийд таниулсан тэдний 10 жилийн хөдөлмөрийн томоохон баяр болох юм.
Ойн хүрээнд тэд фэнүүддээ зориулан шинэ уран бүтээл, гурав дахь цомгоо “бэлэг” болгон хүргэхээр бэлтгэж байгаа нь сонсогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй
“The Hu” хамтлаг 2024 онд Монголын Үндэсний их баяр наадмын үеэр “Нар сар” нэртэй анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулж, дотоодын үзэгчдээс өндөр үнэлгээ авч байв. Тэднийг Британийн нэр хүндтэй “The Guardian” сэтгүүл “дэлхийн хөгжмийн ертөнц дэх шинэ үзэгдэл” хэмээн онцолж байсан нь тэдний олон улсын амжилтыг бататгасан хэрэг болсон юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд байгуулагдсан тус хамтлаг Монгол үндэсний хөгжмийн уламжлалт өнгө аяс дээр рок урсгалыг хослуулсан “Хүннү рок” (Hunnu Rock) стиль бий болгож, дэлхийн хөгжмийн тайзнаа өөрийн өвөрмөц өнгө төрхийг тодорхойлсон билээ.
Тэд 2018 оны есдүгээр сард “Yuve Yuve Yu” дуугаараа албан ёсны дебютээ хийж, YouTube платформ дээр 100 гаруй сая хандалт авч, олон улсын анхаарлыг татсан. Үүний дараа “Wolf Totem”, “Shoog Shoog” зэрэг бүтээлүүд нь цувран гарч, 2019 онд гаргасан “Gereg” цомог нь Billboard-ийн World Albums чартад нэгдүгээр байрт бичигдсэн амжилт үзүүлсэн юм.
Монгол уран бүтээлчид эх хэлээрээ дэлхийн тайзанд гарна гэдэг нэгэн цагт мөрөөдөл байсан бол “The Hu” хамтлаг энэ ойлголтыг бодит болгож чадсан. Тэд “Coachella”, “Hellfest” зэрэг дэлхийн нэр хүндтэй хөгжмийн фестивалиудад тоглож, Америк, Европ, Ази, Австрали тивийг дамнан 270 гаруй тоглолт хийж, монгол хөгжмийн шинэ нүүр царай болон тодорсоор байна.