Дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том цугларалт, бизнесийн гүүр болдог "ITB China" олон улсын үзэсгэлэн ес дэх удаагаа нээгдэв. Энэ удаагийн үзэсгэлэн урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болж буй бөгөөд дэлхийн 85 орны 900 орчим байгууллага, салбарын 1700 гаруй нөлөө бүхий худалдан авагчид нэг дор цугласан байна.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд урьдчилсан байдлаар 46,000 орчим бизнес хоорондын (B2B) уулзалт товлогдсон нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд шинэ түншлэл тогтоох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой талбар болж буй аж.

Дэлхийн хэмжээний энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас ССАЖЗЯ-ны дэмжлэгтэй Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Adventure Mongolia”, “Эксплор Монголиа” ХХК, “ETU Travel Mongolia”, “Chandmani travel-Чандмань трэвeл” ХХК зэрэг үндэсний тур оператор компаниуд нэгдэн үзэсгэлэнгийн N65 павильоны 27 ам дөрвөлжин метр талбайд эх орныхоо дахин давтагдашгүй байгаль, соёлын өв, аяллын шилдэг бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд танилцуулж буй юм байна.

Энэхүү нэгдсэн оролцоо нь Азийн зах зээлээс Монголыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, үндэсний компаниудын гадаад борлуулалтыг идэвхжүүлэх ач холбогдолтой ажээ.

Олон улсын аялал жуулчлалын зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсэж буй энэ үед улс орнууд маркетингийн шинэлэг шийдлээр өөрсдийгөө тунхаглаж буй. Энэ удаагийн үзэсгэлэнгийн албан ёсны зочин орноор Гүрж улс оролцож байгаа бол Малайз улс хамгийн том буюу 504 ам дөрвөлжин метр талбайг түрээслэн, өөрийн орны аялал жуулчлалыг түлхүү сурталчилж байгаа ажээ.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлснээр, бүс нутгийн орнууд жуулчдын урсгалын төлөө ийнхүү идэвхтэй өрсөлдөж буй талбарт Монгол Улс төр, хувийн хэвшлийн түншлэлээ харуулан, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж байгаа бөгөөд улсын аялал жуулчлалын салбарт чанарын шинэ ахиц авчрах чухал түлхэц болох аж.