Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 743.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж, 9272 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.
Тус сан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1294 зээлдэгчийн 218,1 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байгаа бөгөөд 7978 зээлдэгч 938.0 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилтийн эх үүсвэр олгоогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс сангийн эх үүсвэрийг бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгож, 2022 он хүртэлх зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс Хөгжлийн банкны болон Засгийн газрын бондын урт хугацаат өр төлбөрт нийт 123.0 тэрбум төгрөгийг төлж, бусдад төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулсан байна.
2009-2025 оны хооронд 2441 иргэн, аж ахуйн нэгжийн 575,4 тэрбум төгрөгийн буюу 50,8 хувь санхүүжилтийг Улаанбаатар хотод, 6831 зээлдэгчийн 558,3 тэрбум төгрөгийн буюу 49,2 хувийн санхүүжилтийг орон нутагт олгож, орон нутагт 24,885 ажлын байр хадгалж, 31,027 ажлын байр шинээр нэмэгдүүлж, нийт 41,044 ажлын байр хадгалж, 56,084 ажлын байр шинээр нэмэгдүүлжээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын хүрээнд батлагдсан Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зээл олгосон байна.
Тус сангийн чанаргүй зээлийн авлага 2026 оны эхний улирлын байдлаар 265 зээлдэгчийн 97,3 тэрбум төгрөг байгаа аж. Энэ нь нийт олгосон зээлийн 2.8 хувийг эзэлж байгаа нь Хууль, тусгай активын нэгж байгуулан өр барагдуулах ажлыг боломжийн сайн гүйцэтгэсэн гэж дүгнэж болох нь.
Нийт чанаргүй авлагын 92 хувь нь буюу 89,2 тэрбум төгрөгийн зээл нь 2019 оноос өмнө олгосон бөгөөд чанаргүй зээлийн авлагын 78 хувь буюу 75,9 тэрбум төгрөг нь шүүхийн захирамж, шийдвэрээр баталгаажсан байна.
Тус санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт хуваарилаагүй, харин сангийн өр төлбөр болох Засгийн газрын бонд болон Хөгжлийн банкны өр төлбөрийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс төлж дуусгасан аж. Сан нь 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байжээ.