Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөр /2026.05.26/-ийн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг нар асуулт асууж, үг хэлсний дараа төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив.
Уг тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээр 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгохоор тусгажээ.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий хяналтын тов, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоол батлагдсан тул үргэлжлүүлэн сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Замира нар ажлын хэсэгт ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа уг төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шийдвэр бүхий байгууллагууд түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ Г.Ганбаатар, М.Ганхүлэг, У.Отгонбаяр, Р.Сэддорж,Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаясгалан, С.Замира нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.