Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болов. Тус хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал удирдан явуулжээ.
Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудал хурц байна. Төрөлт буурч, эх хүүхдийн эндэгдэл өссөн, цахим дарамт, хүчирхийлэл, зам тээврийн ослоор хүүхэд хохирох тохиолдол нэмэгдэж буйг Ерөнхий сайд анхааруулсан байна.
Хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай дутмаг байгааг онцолж, Улаанбаатар хотод “Хүүхдийн ордон-2” байгуулахаа зарлажээ.
Ерөнхий сайд "Сүхбаатарын талбайн баруун тал, Улаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, “Хүүхдийн төлөө” сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлана.
Монголын “Хүүхдийн ордон-2”-ын өдөр тутмын үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордны захиргаа хариуцна. Энэхүү ордонд шинжлэх ухаан, гадаад хэл, урлаг, соёл, технологи, инновацын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг, чадварт суралцаж, дэлхийн монгол хүнийг бэлтгэх орон зайг нээнэ" гэжээ.
Ерөнхий сайд хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх бус, бодит ажил хийх шаардлагатайг онцолж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалсан байна.
Үндэсний компаниуд, баялаг бүтээгчдээ нийгмийн хариуцлагынхаа дагуу сайн үйлс өрнүүлж, Хүүхэд хөгжлийн ордонд сургалтын өрөө танхим тохижуулж, өөрсдийн нэрэмжит болгож, хүүхдийн сурах орчныг бүрдүүлэхэд оролцохыг Ерөнхий сайд урьжээ.
Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх, мөн цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулахаар болсон байбна. Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлнэ гэжээ.
Хосууд хүүхэд төрүүлэх хүсэл сонирхол буурч байгаа нэг том шалтгаан нь хүүхэд өсөж хөгжих орчин нөхцөл муу байгаагаас болж байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эх, хүүхдийн эндэгдэл өсөж буй. 2025 онд 53,716 эх амаржсан нь өмнөх оныхоос 3600-гаар цөөн үзүүлэлт аж. Монголд өсвөр насны охидын төрөлт Номхон далайн бүсийн дунджаас 12.5 хувиар өндөр буй юм байна.
Эрт илрүүлгээр монгол хүүхдүүдийн дийлэнх нь шүдний өвчлөл, харааны өөрчлөлттэй, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал нэмэгдсээр байгаа аж. Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөж, дарамт, гадуурхал, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж хохирч буй.
Охидын жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэвчишгүй хөдөлмөр өсөж, нэг жилд 50 гаруй хүүхэд зам, тээврийн ослоор амиа алдаж байгаа аж.
Тус хуралдаанаар үндэсний зөвлөлийн 2025, 2026 онд баталсан шийдвэр, ажлын үр дүнг дүгнэн, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллын ажлын өнөөгийн байдлыг хэлэлцжээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын талаар илтгэл танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас “Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байна гэжээ.
Мөн “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг хөтөлбөр”-үүд хэрэгжүүлж, сургалтын байгууллага, гэр бүл болон нийгмийн бусад орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх ажлуудыг хийнэ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн сургуулиудын орчныг бүрэн камержуулах ажлыг хоёр жилийн хугацаанд бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна" гэжээ.
Монгол Улс 1.311.769 хүүхэдтэй. Энэ нь нийт хүн амын 36,2 хувийг эзэлж байна.