Монголын орчин үеийн хип хоп, трэп урсгалын төлөөлөгч ThunderZ 2026 оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” нэртэй бие даасан томоохон тоглолтоо хийхээр болсноо албан ёсоор зарласан. Тус тоглолт түүний уран бүтээлийн карьер дахь хамгийн өргөн цар хүрээтэй лайв шоу болохоор хүлээлт үүсгээд байгаа юм.
Тэрбээр өчигдөр тоглолтод оролцох зочин уран бүтээлчдээ танилцуулсан бөгөөд 146 Records болон Тоонот продакшны артистуудаас гадна Gangbay хамтлаг, Maberrant, MVCHI, BLU, Wolfizm, Limitking зэрэг уран бүтээлчид нэг тайзнаа нэгдэн оролцохоор болжээ.
Түүнчлэн тус тоглолтын онцлох зочноор МУСТА дуучин Л.Болдбаатар оролцохоор болсон нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Тэрбээр ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөсөн бие даасан тоглолтынхоо өмнө “Тэнгри” тайзнаа онцгой үзүүлбэр толилуулах юм байна.
ThunderZ-гийн “Тэнгри” тоглолт зөвхөн хөгжмийн тоглолтоор хязгаарлагдахгүй, орчин үеийн тайз засал, гэрэлтүүлэг, дуугаралт, амьд хөгжмийн шийдлийг хослуулсан цогц энтертайнмент шоу болохоор бэлтгэгдэж байгаа аж.
Монголын хөгжмийн ертөнцийн томоохон төлөөллүүдийг нэг дор цуглуулах энэ арга хэмжээ 2026 оны зуны хамгийн их хүлээлттэй тоглолтуудын нэг болоод байна.
Э.ЦЭЦЭН