Биеийн тамир, спортын улсын хорооноос өнөөдөр /2026.05.26/ Монголын спортын хутга шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэв. Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ энэ сарын 29-31-ний өдрүүдэд “Наран спорт” төвд болох аж.
Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван зайд болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөх юм байна.
Энэхүү тэмцээнийг үндэсний хэмжээнд тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулахаар төлөвлөжээ.
Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртсэн байна. Тодруулбал, ДАШТ-ээс 9 алт, 9 мөнгө, 14 хүрэл, Дэлхийн цомоос 1 алт, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн гардан тулааны их наадмаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн жил Монгол Улсад спортын хутга шидэлтийн ДАШТ зохион байгуулсан бол ирэх сарын 25-наас 30-нд Дархан-Уул аймагт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм байна.