Meta компани Instagram болон Facebook дэх 13 нас хүрээгүй хэрэглэгчдийн аккаунтыг илрүүлж, устгахын тулд хиймэл оюун ухаан /AI/ ашиглахаар төлөвлөж байна. Тус компани тавдугаар сарын эхээр нийтэлсэн мэдэгдэлдээ “Бид өсвөр насныханд зориулан интернэт орчинд аюулгүй, эерэг хэрэглээ бий болгохыг хүсэж байна” хэмээн дурджээ.
Meta компанийн мэдээлснээр, насанд хүрээгүй хүүхдүүд худал төрсөн он, сар оруулан, Facebook, Instagram-д бүртгүүлэх тохиолдол түгээмэл байдаг тул ийм аккаунтыг илрүүлэх шинэ арга замуудыг эрэлхийлсээр ирсэн байна.
AI нас тодорхойлохдоо юуг шалгах вэ?
Meta-ийн ашиглах хиймэл оюун ухаан хэрэглэгчийн профайлыг бүхэлд нь шинжилж, тухайн хүн насанд хүрээгүй эсэхийг тодорхойлох аж. Үүнд төрсөн өдөр тэмдэглэсэн пост, сургуулийн төгсөлтийн тухай мэдээлэл, сэтгэгдэл, танилцуулга хэсэг, зурагны тайлбар зэрэг багтах нь.
Мөн систем нь зураг дээрх хүний биеийн өсөлт, ясны бүтэц зэрэг шинж тэмдгийг хүртэл тооцоолохоор төлөвлөж байгаа нь зарим шинжээчийн шүүмжлэлтэй тулгарчээ.

Нина Коллек энэ талаар “Meta ийм төрлийн хяналт хийхийн тулд насны талаарх асар их хэмжээний өгөгдлийн сан бүрдүүлэх шаардлагатай болно. AI системүүд хүний нас, зан төлөвийг танихын тулд өгөгдлөөс суралцдаг” хэмээн тайлбарласан байна.
Тэрбээр мөн ийм арга барил нь хэрэглэгчийн хувийн орон зайд хэт халдсан, “хувийн орон зайд хэт халдсан” шинжтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Харин Meta-ийн төлөөлөгч DW агентлагт өгсөн тайлбартаа “13 нас хүрээгүй хүүхдүүдийн мэдээллийг хиймэл оюун ухааныг сургах зорилгоор ашиглахгүй” гэж мэдэгдсэн байна.
Гэвч Энди Пшибыльски “Хүүхдүүдийн нүүр царай, зан төлөв, хувийн мэдээллийг өргөн хүрээнд цуглуулснаар тэднийг хамгаална гэж үзэх нь түгээмэл боловч буруу ойлголт. Үнэндээ үүгээр зар сурталчилгаанд ашиглах баталгаажсан өгөгдлийн сан бий болгож байна” хэмээн шүүмжилжээ.
Өсвөр насныхны сошиал хэрэглээг хязгаарлах маргаан
Meta-ийн шинэ бодлого өсвөр насныхны сошиал хэрэглээг тойрсон олон улсын хэлэлцүүлэгтэй давхацаж буй аж. Сүүлийн үед Австрали болон Индонез улс 16-аас доош насныхныг Meta-ийн платформууд болон TikTok зэрэг сошиал сүлжээ ашиглахыг хориглосон хууль баталжээ.
Мөн Европын Холбооны хувьд ийм төрлийн зохицуулалтыг Герман, Франц, Польш зэрэг орон хэлэлцэж байгаа аж. Гэвч зөвхөн насны хязгаар тогтоох нь асуудлыг бүрэн шийдэхгүй гэж зарим мэргэжилтэн үзэж буй юм байна.

Штефан Дрейерийн хэлснээр, өсвөр насныханд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл нь төгсгөлгүй скролл, нэг талын алгоритмтай зөвлөмжүүд, гадаад төрхөөр өрсөлдүүлэх агуулга, ялгаварлан гадуурхсан контент зэрэг аж. Тиймээс тэр "Хууль эрх зүйн арга хэмжээ нь хэрэглэгчдийг хориглохоос илүү платформын үйл ажиллагааны зарчимд чиглэх ёстой" гэж үзжээ.
Өсвөр үеийнхэн болон UNICEF-ийн байр суурь
Оксфордын их сургуулийн профессор Энди Пшибыльски ч мөн насны хатуу хоригийг оновчтой шийдэл гэж үзэхгүй байгаа аж. Түүний санал болгож буй хувилбар нь 18-аас доош насныхны мэдээлэл цуглуулахыг хязгаарлах хууль батлах, мөн хүүхэд, эцэг эхчүүдийн медиа боловсролыг сайжруулах явдал юм байна.
Тэр “Хүүхдүүдийг тодорхой нас хүртэл сошиал сүлжээнээс бүрэн холдуулах нь зөвхөн тэвчихэд суурилсан бэлгийн боловсролтой адил. Жолооны үнэмлэхийг ч хүмүүс насанд хүрмэгц шууд өгдөггүй шүү дээ. Эхлээд жолоо барьж сурдаг” хэмээн тайлбарлажээ.
Өсвөр насныхан өөрсдөө ч ийм хоригийг төдийлөн дэмждэггүй байна. UNICEF Germany-ийн 2026 оны дөрөвдүгээр сард явуулсан судалгаагаар 14-16 насны оролцогчдын 74 хувь нь 16-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглохыг эсэргүүцжээ.
UNICEF Germany-ийн төлөөлөгч Катя Зодоман “Орчин үеийн амьдралын томоохон хэсэг сошиал орчинд өрнөж байна. Тиймээс залуусыг тэндээс бүрэн тусгаарлах нь тэдний нийгмийн оролцооны эрхийг хязгаарлана” хэмээн онцолжээ.
Тэрбээр мөн дүрвэгч хүүхдүүд, ЛГБТК+ нийгэмлэгийн өсвөр үеийнхэн, хөдөлгөөний бэрхшээлтэй залуусын хувьд сошиал сүлжээ нь найз нөхөд, гэр бүлтэйгээ холбоо тогтоох чухал хэрэгсэл болдогийг тэмдэглэсэн байна.
“Meta мэдээллийг устгана гэдэгт итгэхгүй байна”
Германы Бремен хотын оршин суугч, хоёр хүүхдийн ээж 42 настай Надя Meta-ийн шинэ бодлогыг эргэлзэж хүлээн авчээ. Түүний 15 настай охин Instagram хэрэглэдэг бол 12 настай хүү нь хараахан сошиал сүлжээнд бүртгэлгүй байгаа аж.
Надя “Насны хориг тавихаас илүүтэй эцэг эх, хүүхдүүдийн медиа боловсрол чухал” гэж үзэж байгаа бөгөөд AI ашиглан хүүхдийн аккаунт хайж эхлэх нь “маш ноцтой асуудал” хэмээн шүүмжилжээ.
Тэр “Meta бол асар том өгөгдлийн сан. Тэд ингэж цуглуулсан мэдээллээ үнэхээр устгана гэдэгт би итгэхгүй байна” гэж хэлсэн байна.
Мөн “AI системүүд бидний ойлгохгүй зорилгоор хувийн мэдээлэл ашиглаж болзошгүй. Түүнчлэн олон хүүхэд бүрэн нууц нэр ашигладаг учраас систем бүгдийг таньж чадахгүй байх магадлалтай” гэжээ.
Meta-гийн мэдээлснээр, AI систем 13 нас хүрээгүй хэрэглэгч байж болзошгүй шинж тэмдэг илрүүлвэл тухайн аккаунтыг түр хаах аж. Хэрэв хэрэглэгч 13-аас дээш настайгаа баталж чадахгүй бол аккаунт болон түүнтэй холбоотой бүх мэдээллийг бүрэн устгах юм байна.
Эх сурвалж: DW