TikTok, X зэрэг дэлхийд алдартай сошиал платформуудын шинэ өрсөлдөгч Шведээс төрөн гарч байна. Түүний нэр W Social.

W Social компанийн гүйцэтгэх удирдлага Анна Цайтер туршилтын хувилбараа танилцуулахын өмнө LinkedIn хуудсаараа дамжуулан “W бол шинэ сошиал сүлжээ. Хараат бус, төвийг сахисан, дэлхий нийтэд нээлттэй платформ. Европын хууль тогтоомж, Европын дэд бүтэц, Европын өмчлөлд тулгуурлан ажиллана” хэмээн мэдэгджээ.

Сонирхолтой нь, нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том мэргэжлийн харилцааны платформ болох LinkedIn Америкийн Microsoft компанийн эзэмшилд байдаг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр өргөн хүрээний аудиторт хүрэхийг хүссэн хэн бүхэн АНУ, эсвэл Хятадын технологийн экосистемээс тодорхой хэмжээнд хамааралтай.

Харин хэрэглэгчдийн нийтэлсэн пост, дарсан лайк, шинэ холбоо бүр технологийн аварга компаниудын цуглуулж, боловсруулан, зар сурталчилгаанд ашигладаг өгөгдлийн нэг хэсэг болсоор байгаа юм.

Дижитал хараат бус байдлын эрэл

Ийм нөхцөл байдлын улмаас Европт “дижитал тусгаар тогтнол”-ын тухай яриа сүүлийн жилүүдэд улам хүчтэй өрнөх болжээ. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын урьдчилан таамаглахад бэрх бодлого, мөн түүний Цахиурын хөндийн технологийн тэрбумтнуудтай ойр харилцаа нэмэлт түлхэц болсон гэж ажиглагчид үзэж байгаа аж.

Трампын хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын үеэр түүнийг технологийн салбарын тэрбумтнуудаар хүрээлүүлсэн зураг олон нийтийн анхаарлыг татжээ. Үүнийг зарим хүмүүс Америкийн технологийн компаниудын алгоритмууд улс төрөөс ангид байхаа больсны илрэл гэж үзсэн байна. Ялангуяа X платформын эзэн Илон Маск Европын зарим улсын дотоод улс төрд ил тод байр суурь илэрхийлж эхэлснээр энэ болгоомжлол улам нэмэгджээ.

Харин Хятадын TikTok-ийн хувьд хэрэглэгчдийн мэдээллийг Бээжин хяналт, тандалтад ашиглаж болзошгүй гэх хардлага олонтаа гардаг. Түүнчлэн Facebook, TikTok зэрэг платформууд хэрэглэгчийг аль болох удаан тогтоон барьж, илүү их өгөгдөл цуглуулахын тулд сэтгэл хөдлөл өдөөсөн контентыг түлхүү түгээдэг хэмээн шүүмжлэгчид үздэг.

Дижитал эрхийн идэвхтэн, netzpolitik.org блогийг үүсгэн байгуулагч Маркус Беккедаль DW агентлагт “Хэрэглэгчийг платформ дээр удаан тогтоохын тулд ихэвчлэн хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлэх контент санал болгодог” хэмээн ярьжээ.

W Social юугаараа онцлог вэ?

Анна Цайтер "W Social нь X платформын Европ хувилбар болох зорилготой. Тус платформ дээр хэрэглэгчид доромжлол, бот хаяггүй орчинд харилцах боломжтой байна. Үүний тулд бүртгүүлэх үед бүх хэрэглэгч иргэний үнэмлэхээ баталгаажуулах шаардлагатай бөгөөд бүртгэл дууссаны дараа мэдээллийг шууд устгана" гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, W Social-ийн зорилго нь “ардчиллыг хамгаалах”, мөн европчуудад улс төрийн болон улс төрийн бус үзэл бодлоо чөлөөтэй солилцох аюулгүй орон зай бий болгоход оршиж байгаа аж.

Анна Цайтер Бернийн их сургуулийн мэдээлэл хамгааллын профессор бөгөөд өмнө нь eBay компанид олон жил ажиллаж байжээ.

Төслийн ард Европын хэд хэдэн орны хөрөнгө оруулагчид нэгдсэн бөгөөд санхүүжилтийг програмчлал, маркетинг, платформын үйл ажиллагаанд зарцуулж байгаа аж. W Social-ийн гол хувьцаа эзэмшигч нь Шведийн We Don't Have Time компани аж.

Тус компанийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч Ингмар Ренцхог эзэмшдэг байна. Тэрбээр байгаль хамгаалагч Грета Тунбергийг олон жилийн турш дэмжсээр иржээ. Мөн W Social-ийн зөвлөх зөвлөлд Германы дэд канцлер асан Филипп Рёслер ажилладаг байна.

Wedium болон бусад өрсөлдөгчид

W Social бол Европын цорын ганц шинэ сошиал платформ биш. Өнгөрсөн оны сүүлээр Берлинд төвтэй баг Instagram, TikTok-той төстэй Wedium нэртэй шинэ платформ хөгжүүлж байгаагаа зарлажээ.

Wedium ч мөн хуурамч мэдээ түгээхтэй тэмцэх, хэрэглэгчийн мэдээллийг Европын стандартын дагуу хамгаалахыг гол зорилгоо болгосон байна. Харин бизнес загварын хувьд илүү тодорхой шийдэл санал болгожээ. Хэрэглэгчид зар сурталчилгаагүй хувилбарыг сард ойролцоогоор 9 еврогоор ашиглах, эсвэл үнэгүй хувилбарын зар сурталчилгаа үзэх сонголттой аж.

Техникийн хувьд Wedium нь хаалттай систем бол W Social нь нээлттэй, төвлөрсөн бус бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, W Social-ийн хэрэглэгчид бусад ижил төрлийн платформуудтай холбогдон харилцах боломжтой юм байна. Энэ нь түүний давуу тал болж магадгүй гэж шинжээчид үзжээ. Учир нь, ижил бүтэцтэй Америкийн Bluesky болон Европын Eurosky зэрэг платформууд хэдийнэ хэрэглэгчтэй болж эхэлсэн байна.

Маркус Беккедаль ийм төвлөрсөн бус системийг цахим шуудантай зүйрлэн тайлбарлахдаа “Нэг платформоос нөгөөд мессэж илгээх боломжтой, төвлөрсөн хяналтгүй олон системийн нэгдэл нь сошиал сүлжээний ирээдүй” хэмээн онцолсон байна.

Европын сошиал сүлжээ амжилт олох уу?

Bluesky болон Eurosky зэрэг төвлөрсөн бус платформууд одоогоор 40 сая орчим хэрэглэгчтэй байгаа нь W Social-д боломж буйг харуулж байгаа аж. Анна Цайтер “Бид бүхнийг шинээр эхлүүлж байгаа юм биш” хэмээн онцолжээ.

Түүний үзэж буйгаар, W Social нь зөвхөн технологийн төсөл биш, мөн Европын дижитал тусгаар тогтнолын улс төрийн илэрхийлэл аж. Тэр “Европ хараат бус байхыг хүсэж байна. Гэхдээ тэр нь дэлхийгээс тусгаарлагдана гэсэн үг биш” гэж тайлбарласан байна.

Гэсэн хэдий ч W Social Цахиурын хөндийн аварга платформуудтай бодитоор өрсөлдөж чадах эсэх нь бизнес загвараасаа ихээхэн хамаарна гэж шинжээчид үзэж буй аж. Маркус Беккедалийн хэлснээр, хөрөнгө оруулагчид хэзээ нэгэн цагт ашиг шаардаж эхлэхэд юу болох нь тодорхойгүй юм байна.

Тиймээс тэрбээр ашгийн бус, сангийн санхүүжилттэй платформуудыг дэмжих хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Мөн Европын орнууд дижитал дэд бүтэц, тэр дундаа сошиал сүлжээний хөгжилд илүү их хөрөнгө оруулах шаардлагатайг онцолжээ.

“Бид сошиал сүлжээг хувийн компаниудын мэдэлд хэвээр үлдээх үү, эсвэл өөр хувилбар бий гэдэгт итгэж, түүнийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах уу?” гэсэн асуулт өнөөдөр Европын өмнө тулгарч байгаа ажээ.

Эх сурвалж: DW