Нөөцийн махны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлын дараа улс төрийн түвшинд хариуцлагын асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-ны бямба гарагт тухайн үед Хотын даргын албыг хашиж байсан Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Нийслэлийн удирдлагын бүтэц түр хугацаанд өөрчлөгдөж, шинэ даргыг албан ёсоор томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж эхэлсэн билээ.

Хотын шинэ удирдлагын томилгооны асуудал улс төрийн хүрээнд ид яригдаж, албан бус мэдээллээр НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн болон МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва зэрэг хэд хэдэн хүний нэр хотын дараагийн даргад хүчтэй яригдаж буй.

Энэ хүрээнд өнөөдөр 10:00 цагаас нийслэлийн МАН-ын хороо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, хотын шинэ даргын нэрийг дотоод түвшинд тодруулах үйл явц эхэлсэн. Гэвч тус хурал анх товлосон цагтаа бус, тодорхойгүй шалтгааны улмаас 14:00 цаг хүртэл хойшлогдсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Үүний дараа маргааш буюу мягмар гаргийн 11:00 цагаас НИТХ-ын ээлжит бус XII хуралдаан хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргах дараагийн шатны үйл явц өрнөхөөр төлөвлөгджээ.

Нийслэлийн удирдлагын шинэ томилгоо богино хугацаанд дараалан явагдаж, улс төрийн намуудын дотоод тохиролцоо болон албан ёсны шийдвэрийн шат дамжлагуудаар дамжин, хотын шинэ даргын нэр ойрын хугацаанд тодорхой болох нь.