АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулсан ажиллагаандаа тактикийн түвшинд бараг бүх тулаанд ялалт байгуулсан байж болох ч Исламын Бүгд Найрамдах Улсад цохилт өгснөөс хойш гурван сарын дараа илүү том асуулт гарч ирээд байгаа аж. Тэр дайнд үнэхээр ялж байна уу, эсвэл ялагдаж эхэлж байна уу?
Иран Ормузын хоолойд нөлөөгөө хадгалсан хэвээр, цөмийн хөтөлбөрийн асуудлаар буулт хийхээс татгалзсаар, шашны дэглэм нь ч тогтвортой үлдсэн нь Трампын цэргийн амжилтыг геополитикийн бодит ялалт болгон хувиргаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, Трампын “бүрэн ялалт байгуулсан” гэх мэдэгдлүүд улам хоосон сонсогдох болсон байна. Учир нь АНУ, Иран хоёр тодорхойгүй дипломат хэлэлцээ болон шинэ цохилтын заналхийллийн хооронд савлаж буй бөгөөд хэрэв Вашингтон дахин довтолгоо хийвэл Иран бүс нутаг даяар хариу цохилт өгөх нь тодорхой гэж үзэж байна.
АНУ ба Персийн булангийн холбоотнууд илүү хохирол амсах эрсдэлтэй юу?
Одоогийн нөхцөл байдалд АНУ болон Персийн булангийн Араб холбоотнууд энэ мөргөлдөөнөөс илүү сул байдалтай гарч, харин цэргийн болон эдийн засгийн хувьд хүнд цохилт амссан Иран илүү нөлөөтэй болж үлдэх эрсдэл бий гэж ажиглагчид анхааруулж байна.
Иран дэлхийн нефть, хийн нийлүүлэлтийн тавны нэг дамждаг Ормузын хоолойг хаах чадвартайгаа харуулсан нь тэдний хамгийн том хөзөр хэвээр буй юм.
Хэдийгээр хямрал бүрэн дуусаагүй ч зарим шинжээч Трамп хэлэлцээ өөрт ашигтайгаар эргэвэл нэр нүүрээ аврах гарц олж магадгүй гэж үзэж буй бол олон хүн ирээдүйг тун бүрхэгээр харж байгаа аж.
АНУ-ын Бүгд Найрамдах болон Ардчилсан засаг захиргаанд Ойрхи Дорнодын асуудлаар ажиллаж байсан шинжээч Аарон Дэвид Миллер “Гурван сар өнгөрөхөд Трампын богино хугацааны амжилттай байх ёстой байсан дайн урт хугацааны стратегийн бүтэлгүйтэл болж хувирч буй мэт харагдаж байна” гэжээ.
“Ялагдагч” харагдахаас хамгийн их эмээдэг Трамп
Трамп олон жилийн турш өрсөлдөгчдөө “ялагдагч” хэмээн дайрч ирсэн, өөрөө тийм дүр төрхтэй харагдахыг хамгийн ихээр цээрлэдэг улстөрчдийн нэг гэж ажиглагчид үздэг.
Гэтэл одоо тэр дэлхийн хамгийн хүчирхэг армийн ерөнхий командлагчийн хувьд хоёрдугаар түвшний гүрэнд тооцогддог Ирантай нүүр тулж, нөгөө тал нь өөрсдийгөө давуу байр суурьтай гэж үзэж буй нөхцөлд оржээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нөхцөл байдал Трампыг буулт хийхээс татгалзах, өөрийн хатуу байр сууринаас ухрахгүй байх, 2015 оны Обамагийн үеийн Ираны цөмийн хэлэлцээртэй төстэй тохиролцоог дахин байгуулахаас зайлсхийхэд хүргэж болзошгүй аж. Тэрбээр анхны бүрэн эрхийн хугацаандаа уг хэлэлцээрийг цуцалж байсан.
Цагаан ордон: “Бид бүх зорилтоо биелүүлсэн”
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Оливия Уэйлс “АНУ ‘Epic Fury’ ажиллагааны хүрээнд цэргийн бүх зорилтоо биелүүлсэн, зарим талаар давуулан хэрэгжүүлсэн” гэж хэлжээ. Мөн тэрбээр “Ерөнхийлөгч Трамп бүх хөзрийг атгаж байгаа бөгөөд бүх хувилбарыг нээлттэй хэвээр хадгалж байна” гэж мэдэгдсэн байна.
Дотоод дарамт нэмэгдэж байна
Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа “шаардлагагүй дайн хийхгүй” гэж амалж байсан ч одоо АНУ-ыг урт хугацааны хямралд татан оруулсан гэж шүүмжлүүлэх болжээ. Энэ нь шатахууны үнэ өсөх, рейтинг унах, Конгрессын завсрын сонгууль ойртох зэрэг дотоод дарамтыг улам нэмэгдүүлж байгаа аж.
Түүний Бүгд Найрамдах нам Конгресс дахь хяналтаа хадгалах гэж тэмцэж буй энэ үед зарим шинжээч Трампын өмнө хоёр сонголт үлдсэн гэж үзэж буй юм байна. Төгс бус ч гэсэн тохиролцоог хүлээн зөвшөөрч гарах гарц олох, эсвэл цэргийн ажиллагааг өргөжүүлж, илүү урт хямрал руу орох.
Хэрэв дипломат яриа нурвал Трамп хязгаарлагдмал шинэ цохилт өгөх, үүнийг “эцсийн ялалт” болгон зарлах, дараа нь асуудлыг хаахыг оролдож магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Куба руу анхаарлаа шилжүүлэх хувилбар
Зарим ажиглагчийн үзэж буйгаар Трамп анхаарлыг өөр тийш хандуулахын тулд Кубын асуудлыг хурцатгаж магадгүй аж. Гэвч энэ нь өмнө нь Ираны ажиллагааг Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсан ажиллагаатай адил амархан болно гэж буруу тооцоолсон шиг шинэ алдаа болж болзошгүй гэж шинжээчид анхааруулжээ.
Иран үнэхээр ялагдсан уу?
Трампын талынхан Ираны цэргийн хүчинд өгсөн асар том цохилтыг “стратегийн ялалт” гэж үзэж буй. Трампын анхны засаг захиргаанд ажиллаж байсан шинжээч Александр Грей "Персийн булангийн орнууд АНУ-д улам ойртсон, Хятадаас тодорхой хэмжээнд хөндийрсөн, Ираны цөмийн хөтөлбөрийн хувь заяа эцэслэгдээгүй хэвээр байна" гэж онцолжээ.
Гэвч Трамп хэвлэл мэдээллийг “урвалт хийж байна” гэж буруутгах болсон нь мэдээллийн орон зайд хяналтаа алдаж буйг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Трампын зорилтууд биелсэн үү?
Трамп Ираны эсрэг дайны зорилгоо цөмийн зэвсэг бүтээх замыг хаах, бүс нутагт заналхийлэх чадварыг нь устгах, Ираны ард түмэнд эрх баригчдаа түлхэн унагахад нь туслах гэж тодорхойлж байсан. Гэвч эдгээр зорилтын аль нь ч бүрэн биелээгүй гэж олон шинжээч үзэж байна.
Ойрхи Дорнодын тагнуулын асуудал хариуцаж байсан Жонатан Паникофф “Иран асар их хохирол амссан ч амьд үлдэж чадсан нь өөрсдийнх нь хувьд ялалт болсон” гэжээ. Түүний хэлснээр, Иран Ормузын хоолойд ямар их нөлөө үзүүлж чадахаа ойлгосон, АНУ-аас илүү эдийн засгийн дарамт даах чадвартай гэж үзэж байгаа аж.
Цөмийн асуудал шийдэгдээгүй хэвээр
Трампын гол зорилго болох Ираныг “цөмийн зэвсэггүй болгох” асуудал ч биелээгүй хэвээр байна. Өндөр түвшинд баяжуулсан ураны нөөц өнгөрсөн жилийн Израиль, АНУ-ын цохилтын дараа ч газрын гүнд үлдсэн бөгөөд цааш боловсруулвал цөмийн бөмбөг хийх боломжтой хэвээр гэж үзэж байгаа аж.
Иран харин уран баяжуулах эрхээ энхийн зорилгоор ашиглах ёстой гэж мэдэгдсээр буй юм. Reuters агентлагийн мэдээлснээр, Ираны дээд удирдагч бараг зэвсгийн түвшинд хүрсэн ураныг гадагш гаргахыг хориглосон тушаал өгчээ.
Зарим шинжээчийн үзэж буйгаар, энэ дайн Ираныг цөмийн зэвсэгтэй болох эрмэлзлийг бууруулах биш, харин улам нэмэгдүүлж болзошгүй байна.
Шинжээчдийн дүгнэлтээр, Трамп тактикийн ялалт байгуулсан байж болох ч стратегийн түвшинд нөхцөл байдал улам төвөгтэй болж буй аж.
АНУ Европ дахь уламжлалт холбоотнуудтайгаа харилцаа муудаж, Хятад, Орос хоёр АНУ-ын сул талыг анхааралтай судалж буй энэ үед Ираны дайн Трампын гадаад бодлогын хамгийн эрсдэлтэй сорилтын нэг болоод буй юм.
Brookings Institution-ийн шинжээч Роберт Кейган энэ талаар “Иранд болсон үйл явдал нь Вьетнам, Афганистанаас ч илүү АНУ-ын нэр хүндэд цохилт болно” хэмээн дүгнэжээ.
Эх сурвалж: