Хэрэв таны эрүүл мэндийн зорилгын нэг нь зүрхэнд ээлтэй хооллолтыг хэвшүүлэх бол ихэнх хоолоо гадуур идэхийн оронд гэртээ өөрөө хийж идэх нь маш том давуу тал болно.
Mass General Brigham Heart & Vascular Institute-ийн урьдчилан сэргийлэх зүрх судасны эмч Дара Ли Льюис “Би өвчтөнүүддээ ерөнхийдөө гэртээ хоол хийх нь гадуур хооллохоос илүү эрүүл бөгөөд зардал багатай гэж зөвлөдөг. Мөн хөлдөөгчиндөө хэрэгтэй хүнсээ байнга бэлэн байлгавал бэлэн хоол захиалах магадлал багасдаг” гэж хэлжээ.
Мэдээж энэ бүхэн юу хийж идэж, хэр их амталж байгаагаас бүрэн шалтгаална. Жишээлбэл, шорвог амттай, шүүслэг стейк, гамбургер, эсвэл гахайн мах иддэг бол энэ нь таны зүрхэнд тийм ч сайн зүйл биш.
Харин хоол хүнснийхээ гол хэсгийг өөх тос багатай уураг (тахианы мах гэх мэт), далайн гаралтай бүтээгдэхүүн, ургамлын гаралтай уураг (шош, дүпү, вандуй, сэвэг зарам гэх мэт)-аар бүрдүүлж, давсаа бага хэрэглэдэг бол та зөв чиглэлд явж байна гэсэн үг.
Гэхдээ нэг алдартай хөлдөөсөн хүнс байдаг бөгөөд доктор Льюис үүнийг зүрхний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул гэрийнхээ хөлдөөгчинд хадгалдаггүй байна. Тэр нь юу вэ?
Зүрхний эмчийн гэртээ байнга хадгалдаг эрүүл хүнсний бүтээгдэхүүнүүд
Доктор Льюисийн хөлдөөгчинд байдаггүй хүнсний талаар ярихаасаа өмнө тэр гэртээ ямар хүнс байнга бэлэн байлгадаг талаар сонирхоцгооё.
Тэр “Би ээж, бас завгүй ажилладаг зүрхний эмч учраас эрүүл, амттай, хурдан бэлтгэж болох хоол хүнсийг үргэлж эрэлхийлдэг” гэж хэлжээ.
Дэлгүүр хэсэх цаг үргэлж гараад байдаггүй учраас доктор Льюис хөлдөөгчиндөө хөлдөөсөн сам хорхой, тахианы цээж мах, мөн өглөөний смүүти хийхэд зориулсан хөлдөөсөн төрөл бүрийн жимс, бууцай хадгалдаг байна.
Хөлдөөсөн жимс нь шинэхэн жимстэй адил шим тэжээлтэй байдаг. Мөн хөлдөөсөн жимс тогтмол хэрэглэх нь холестерины хэмжээ буурах, цусны даралт тогтмолжих, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл багасахтай холбоотой болохыг судалгаанууд харуулдаг.
Тэрбээр сам хорхой болон тахианы махаа хачирлахдаа шинэхэн, эсвэл хөлдөөсөн хүнсний ногоо, мөн угааж цэвэрлэсэн салатны навч үргэлж бэлэн байлгадаг байна.
Тэр “Миний хөргөгчинд мөн “аарц маягийн шинэ бяслаг” (cottage cheese), энгийн тараг, дүпү зэрэг амархан хэрэглэж болох уургийн эх үүсвэрүүд үргэлж байдаг” гэж ярьжээ.
Түүний агуулахад юу байдаг вэ?
Хэрэв та доктор Льюисийн гал тогооны хүнсний шүүгээг сөхөж харвал авокадоны тос болон оливын тос олно. Эдгээр хоёр төрлийн тос нь ашигтай тосны хүчил болон антиоксидант ихээр агуулдаг учраас зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулахтай холбоотой болохыг шинжлэх ухааны судалгаанууд баталжээ.
Үүнээс гадна тэрбээр хүнсний шүүгээндээ шош, самар, үр байнга нөөцөлдөг. Эдгээр нь эслэг ихтэй учраас зүрхэнд ээлтэй хүнсэнд тооцогддог.
Тэр “Саяхан би лупини шошоор хийсэн, уураг ихтэй нэг төрлийн гоймон олж мэдсэн. Амт нь үнэхээр сайхан. Мөн би зууш болгон попкорн идэх дуртай учраас манай агуулахад ихэвчлэн нэг, хоёр уут попкорн байдаг.
Нөхөр маань чихэрлэг зүйлд дуртай болохоор би хар шоколадаар бүрсэн бүйлс, Fig Newtons зэрэг арай эрүүл талдаа амттан гэртээ байлгахыг хичээдэг” гэж хэлсэн байна.
Зүрхний эмчийн гэртээ хадгалдаггүй цорын ганц хөлдөөсөн хүнс
Дээрхээс харахад, доктор Льюисийн гал тогоо зүрхэнд ээлтэй хүнс дүүрэн байдаг ажээ. Гэхдээ түүний хөлдөөгчинд хэзээ ч байдаггүй нэг хүнс бий.👉 Тэр бол зайрмаг.
Льюиси “Би зуны улиралд зайрмагт идэх үнэхээр их дуртай. Гэхдээ зайрмаг нь ханасан өөх тос ихтэй. Энэ нь холестерины хэмжээг нэмэгдүүлж, улмаар зүрхний судасны хананд товруу (plaque) хуримтлагдахад хүргэж болзошгүй.
Мөн зайрмаг нь элсэн чихэр, илчлэг ихтэй учраас жин болон бие махбодод үрэвслийн процесс нэмэгдэхэд нөлөөлж болно” гэж тайлбарлажээ.
Түүний хэлсэнтэй адил, 2021 онд Journal of Clinical Lipidology сэтгүүлд нийтлэгдсэн шинжлэх ухааны өгүүлэлд ханасан өөх тос ихтэй хооллолт нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдгийг дурдсан байна.
Учир нь, ханасан өөх тос нь LDL буюу “муу” холестерины түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд LDL холестерин ихсэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг шууд нэмэгдүүлдэг ажээ.
Мөн эмч Льюисийн дурдсанчлан, зайрмагт агуулагдах их хэмжээний сахар нь зүрх судасны эрүүл мэндэд төдийлөн сайн биш юм байна.
Судалгаагаар АНУ-ын насанд хүрэгчдийн дийлэнх нь эрүүл хэмжээнд тооцогдохоос илүү их сахар хэрэглэдэг бөгөөд сахарын хэрэглээ болон зүрх судасны өвчний эрсдэлийн хооронд тодорхой хамаарал байдаг нь тогтоогджээ.
Зайрмаг идэх дуртай бол зүрхээ хэрхэн хамгаалах вэ?
Зайрмаг зүрхэнд тийм ч ашигтай биш гэдэг нь нэг их гайхмаар зүйл биш байх. Гэхдээ энэ нь “зайрмаг идэх үү, эсвэл зүрхээ хамгаалах уу?” гэсэн хоёр сонголтын аль нэгийг заавал хийх ёстой гэсэн үг аз болоход биш аж.
Эмч Льюис “Ихэнх зүйлсийн нэгэн адил зайрмагны хувьд ч би хэмжээг нь тохируулж, зохистой хэрэглэхийг зөвлөдөг” гэж хэлжээ. Түүний зөвлөгөө бол гэрийнхээ хөлдөөгчинд зайрмаг байнга хадгалахгүй байх. Учир нь, гэртээ байнга байлгавал орой бүр идэхэд хэтэрхий амархан болно.
Харин хааяа нэг зориуд зайрмаг идэхээр төлөвлөж, хайртай хүмүүстэйгээ хамт зайрмагны газар очвол илүү сайхан. Ингэснээр зайрмаг нь өдөр тутмын зуршил биш, онцгой үедээ өөртөө өгдөг амттан болох боломжтой.
Гэртээ зайрмаг идмээр байвал яах вэ?
Хэрэв та гэртээ тогтмол зайрмаг идэх дуртай бол эмч Льюис эрүүл мэндэд арай ээлтэй, зайрмаг орлуулах зүйл сонгохыг зөвлөж байна.
Өнөөдөр супермаркетын хөлдөөсөн хүнсний хэсэгт уламжлалт зайрмагны хажууд өөх тос, сахар багатай, уураг илүү өндөртэй олон төрлийн хувилбарууд байдаг. Тэрбээр Halo Top, Nick’s зэрэг брэндүүдийг жишээ болгон дурджээ.
Тэр “Тэд жинхэнэ зайрмаг шиг өтгөн, баялаг амттай биш байж болох ч халуун өдөр мөстэй амттан идмээр санагдах үед өөх тос багатай, сахар багатай, уураг өндөртэй сонголттой болсон нь үнэхээр сайхан” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: PARADE