Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Усны өдрийн хүрээнд болсон “Гангийн тэсвэрлэх чадавхын асуудлаарх сайд нарын хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш. Батбаяр, COP17-ын нэгдсэн хуралдааны Ерөнхийлөгчийн суудалд сууж, хуралдааны алх цохин хуралдаан даргаллаа.

Дэлхийн улс орнуудад ган, усны хомсдол, газрын доройтол, учирч буй сорилт, хэрхэн бэлтгэж, ямар бодлого, шийдэл хэрэгжүүлж байгаагаа өндөр түвшний төлөөлөгчид харилцан санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт Саудын Арабын Байгаль орчны дэд сайд доктор Осама Ибрахим Факиха, Францын Байгаль орчны асуудал хариуцсан Элчин сайд Барбара Помпили, Арабын Нэгдсэн Эмират Улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сайд Амна бинт Абдулла Аль Дахак Аль Шамси, Египетийн Усны нөөц, усалгааны сайд Хани Севилам, Люксембургийн Гадаад хэргийн тусгай элч Мартин Шоммер, Испанийн Биологийн олон янз байдал, ой, цөлжилтийн асуудал хариуцсан ерөнхий захирал Мария Хесус Родригес де Санчо нар байр сууриа илэрхийллээ.

Мөн Африкийн холбооны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, хөх эдийн засаг, тогтвортой байгаль орчны асуудал хариуцсан комиссар Мозес Вилакати, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Анаклаудиа Россбах, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер, Дэлхийн банкны Байгаль орчны захирал Валери Хики нарын туршлага, санал, шийдлийг сонслоо.

Ган болсны дараа хариу арга хэмжээ авах бус, болохоос нь өмнө эрсдэлийг тооцож, бэлтгэлээ хангах хэрэгтэй. Ус, газрын менежментийг хамтад нь төлөвлөх, шинжлэх ухаан, мэдээлэл, эрт сэрэмжлүүлгийг шийдвэр гаргалтад ашиглах, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай.

Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Ш. Батбаяр Монгол Улсын байр суурийг илэрхийлж хаалтын үг хэллээ.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь газрын доройтолд өртсөн, 428 мянга гаруй хүн гангийн нөлөөлөлд өртөх эрсдэлтэй, 195 мянга гаруй малчин өрхийн амьжиргаа эрүүл газар, найдвартай усны эх үүсвэрээс шууд хамаарч байгааг онцоллоо.

Мөн гангийн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд ус, газрын асуудлыг салангид бус нэг цогц байдлаар авч үзэж, бодлого, шинжлэх ухаан, хөрөнгө оруулалт, бодит үйл ажиллагааг уялдуулах шаардлагатайг илэрхийллээ. Энэ хүрээнд Монгол Улс COP17-ийн үеэр “Ус ба газрын уялдаа” санаачилгыг эхлүүлж, олон улсын хамтын ажиллагаанд дэвшүүлж байна.

Дэлхийн 196 улс, Европын Холбоог нэгтгэсэн энэхүү том хурлыг эх орондоо зохион байгуулж, дэлхийн төлөөлөгчдийн байр суурийг сонсохын зэрэгцээ Монгол Улсын дуу хоолойг олон улсын индэрт хүргэх боломж бүрдэж байгаа нь COP17-ын нэг том ач холбогдол гэдгийг онцлов.