Эрдэмтэд таргалалттай хулгануудад илүү их эрчим хүч зарцуулж, өөх тосыг нь багасгасан атлаа булчингийн масс буюу өөхгүй биеийн жинд мэдэгдэхүйц алдагдал үүсгээгүй туршилтын шинэ нэгдлийг илрүүлжээ. Энэ нь жин хасах эмчилгээний огт өөр арга замыг бий болгох боломжтой гэсэн найдвар төрүүлсэн байна.
5-tetradecyloxy-2-furoic acid, товчоор TOFA гэж нэрлэгддэг уг нэгдлийг Калифорнийн их сургуулийн Берклийн судлаачид туршиж үзсэн бөгөөд судалгааны үр дүн наймдугаар сарын 21-нд Science Advances сэтгүүлд нийтлэгджээ.
Берклийн их сургуулийн мэдээлснээр, TOFA нь голчлон хоолны дуршлыг бууруулах замаар биш, харин биеийн зарцуулж буй эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх замаар үйлчилдэг байна.
Туршилтаар уг нэгдэл хулгануудын эрчим хүчний зарцуулалтыг 18 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна. Гэхдээ үүний зэрэгцээ хулгануудын биеийн хөдөлгөөн нэмэгдээгүй, биеийн температур ч өсөөгүй аж.
Гэвч энэхүү судалгаа одоогийн байдлаар зөвхөн амьтан дээрх туршилтын шатанд буй тул TOFA хүн дээр мөн адил үр дүн үзүүлнэ гэсэн ямар ч нотолгоо байхгүй юм байна.
TOFA жин хасахад хэрхэн нөлөөлдөг вэ?
Судлаачид TOFA нь эсүүд өөх тос болон эрчим хүчийг хэрхэн боловсруулж, ашигладагт нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Уг нэгдэл нь холестерин болон триглицерид зэрэг липидүүдийг үүсгэхэд оролцдог ферментүүдийг хориглодог. Үүний зэрэгцээ өөх тосыг шатаах болон эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой эсийн үйл явцыг идэвхжүүлдэг байна.
TOFA өгсөн таргалалттай хулгануудын хувьд үр дүн нь зөвхөн биеийн жин буурснаар хязгаарлагдаагүй аж. Хулгануудын өөхний хэмжээ буурсан, булчингийн буюу өөхгүй биеийн масс мэдэгдэхүйц багасаагүй, цусан дахь сахарын хяналт сайжирсан, инсулины мэдрэг чанар нэмэгдсэн, триглицеридын түвшин буурсан, мөн элэг өөхлөлттэй холбоотой зарим үзүүлэлт сайжирсан байна.
UC Berkeley-ийн метаболизмын биологи, хоол тэжээлийн профессор бөгөөд уг судалгааны ахлах зохиогч Андерс Нээр (Anders Näär) Dexerto-д өгсөн ярилцлагадаа судалгааны баг биеийн жингийн зохицуулалтын өөр нэг талыг онилохыг зорьсон гэж тайлбарлажээ.
Тэрбээр “Биеийн жин хоёр үндсэн зүйлээс хамаардаг: бид хэдэн калори хэрэглэж байна вэ, мөн хэдэн калори зарцуулж байна вэ. “GLP-1 эмүүд бараг бүхэлдээ эхний талд буюу калорийн хэрэглээг бууруулахад чиглэдэг. Харин бид хоёр дахь тал болох эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлэхийг зорьсон” гэж хэлжээ.
TOFA-г Ozempic болон Wegovy-той хамт хэрэглэж болох уу?
Судлаачид TOFA-г одоо хэрэглэгдэж буй GLP-1 төрлийн жин хасах эмүүдтэй хамт туршиж үзсэн байна. Үүнд семаглутид (semaglutide) — Ozempic, Wegovy нэрээр худалдаалагддаг, тирзепатид (tirzepatide) — Mounjaro, Zepbound нэрээр худалдаалагддаг эмүүд багтжээ.
Хулганууд дээр хийсэн туршилтаар TOFA-г эдгээр эмүүдийн аль нэгтэй нь хослуулахад зөвхөн тус тусад нь хэрэглэснээс илүү үр дүн гарсан байна. Тухайлбал: биеийн жин илүү буурсан, цусан дахь сахарын хяналт илүү сайжирсан, инсулины түвшин сайжирсан, триглицеридын хэмжээ илүү буурсан байна.
Нээрийн хэлснээр, эдгээр үр дүн нь TOFA-г хоолны дуршил бууруулдаг эмүүдийг орлох эм биш, харин тэдгээрийн үйлчлэлийг нэмэгдүүлж болох нэмэлт эмчилгээ болгон ашиглах боломжтойг харуулжээ.
Тэрбээр “Бидний хавсарсан туршилтуудаар TOFA нь GLP-1-ийн хоолны дуршил бууруулдаг эмүүдтэй хамт хэрэглэхэд нэмэлт болон синергетик үр нөлөө үзүүлсэн. Тиймээс бид үүнийг орлуулах зүйл биш, харин нэмэлт эмчилгээ гэж үзэж байна” гэж тайлбарлажээ.
Хүн дээр хэрэглэхэд "маш хол" байна
TOFA-г хүний жин хасах эм болгон ашиглах хүртэл маш их судалгаа, туршилт шаардлагатай хэвээр байгаа аж. Судлаачид уг нэгдлийн хүний биед аюулгүй эсэх, хүнд үр дүнтэй эсэх, ямар тунгаар хэрэглэх, ямар гаж нөлөө үзүүлэх, удаан хугацаанд хэрэглэхэд ямар нөлөөтэй байх зэрэг нь одоогийн байдлаар хүн дээр огт туршигдаагүйг онцолжээ.
TOFA нь үнэндээ цоо шинэ бодис биш бөгөөд анх 1970-аад онд нээгдсэн нэгдэл аж. Харин одоо UC Berkeley-ийн судалгааны баг уг нэгдлийг хүний эмчилгээний зориулалтаар цаашид хөгжүүлэх зорилгоор ReRx Therapeutics компани байгуулж, хөгжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлж буй юм байна.
Эх сурвалж: UNILAD