Ираны эсрэг АНУ-ын хориг өргөжсөнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид нөхцөл байдлыг ажиглаж, газрын тосны үнэ тогтворжив. Өмнөх арилжаагаар 2 гаруй хувиар буурсан газрын тосны үнэ мягмар гарагт тогтворжжээ. Хөрөнгө оруулагчид Ираны эсрэг АНУ-аас чангатгасан хоёр дахь хориг арга хэмжээ газрын тосны зах зээлд хэрхэн нөлөөлөхийг үнэлж байгаа аж.

Гринвичийн цагаар 01:04 цагийн байдлаар Brent маркийн газрын тосны фьючерс 9 цент буюу 0.1%-иар буурч, баррель нь 92.16 ам.доллар болсон бол АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн газрын тос 1 центээр өсөж, баррель нь 85.02 ам.долларт хүрчээ.

Даваа гарагт хоёр төрлийн газрын тосны үнэ хоёулаа 2 гаруй хувиар буурсан байна. Өмнөх хоёр долоо хоногт үнэ огцом өссөний дараа хөрөнгө оруулагчид ашиг авахын тулд борлуулалт хийсэн нь АНУ-ын газрын тосны үнийг нэг долоо хоногийн хамгийн доод түвшинд хүргэжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент даваа гарагт Ираны эдийн засгийн гол эх үүсвэрүүдийг таслах зорилгоор хориг арга хэмжээг өргөжүүлэхээ зарласан байна. Үүний зорилго нь Ирантай үргэлжилж буй дайныг зогсоох дарамт үзүүлэх явдал бөгөөд улс орнууд Ирантай бизнесийн харилцаагаа таслахгүй бол ам.долларт суурилсан санхүүгийн системээс хасагдах эрсдэлтэй гэж мэдэгджээ.

Гэхдээ Бессент ямар улс орнуудыг онилж буй болон шинэ хориг яг хэзээнээс хэрэгжихийг тодорхой хэлээгүй бөгөөд улс орнуудад шинэ шаардлагыг биелүүлэх хугацаа олгоно гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет даваа гарагт Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн ч АНУ одоогоор эдийн засгийн дарамтад илүүтэй найдаж байгаа нь Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтэд шууд аюул учрах талаарх болгоомжлолыг бууруулсан гэж шинжээчид үзэж байна.

KCM-ийн зах зээлийн ахлах шинжээч Тим Уотерер “Зах зээл эдийн засгийн дарамтыг цэргийн ажиллагаатай харьцуулахад газрын тосны биет нийлүүлэлтэд бага эрсдэлтэй хувилбар гэж үнэлж байгаа бололтой. Тиймээс анхны хариу үйлдлээр газрын тосны үнэ огцом өсөхийн оронд буурсан” гэжээ.

Гэхдээ тэрбээр Иран газрын тос тээвэрлэлтийг тасалдуулах боломжтой хэвээр байгаа нь газрын тосны үнэд тодорхой хэмжээний эрсдэлийн нэмэгдэл хадгалагдахад хүргэж байна гэж анхааруулжээ.

Үүний зэрэгцээ мягмар гарагт Оманы Аш-Шишахаас зүүн хойд зүгт 16.7 км орчимд газрын тосны танкер үл мэдэгдэх биетэд оногдон, ажиллагаагүй болсон талаар Их Британийн Далайн худалдааны үйл ажиллагааны байгууллага мэдээлсэн байна.

Иран мөн стратегийн ач холбогдол бүхий Хормузын хоолойг хянах эрх өөрт нь байх ёстой гэсэн байр сууриа хадгалсаар байна. Дайн эхлэхээс өмнө тус хоолойгоор дэлхийн газрын тосны хэрэглээний ойролцоогоор 20%-тай тэнцэх хэмжээний ачаа тээвэрлэгддэг байжээ.

Даваа гарагт Иран тус хоолойгоор нэвтрэх дүрмийг зөрчсөн 45 танкерын нэрийг зарлаж, тэдний ачааг хураах хүртэл арга хэмжээ авч болзошгүйг анхааруулсан байна.

Нийлүүлэлтийн эрсдэл

Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн АНУ-Израилийн Ираны эсрэг дайны улмаас нийлүүлэлт тасалдаж, улс орнууд арилжааны болон стратегийн газрын тосны нөөцөө ашиглан нөхөж буй.

АНУ-ын Эрчим хүчний яам даваа гарагт мэдээлэхдээ, өнгөрсөн долоо хоногт тус улсын Стратегийн газрын тосны нөөц 3.7 сая баррелиар буурч, 289.7 сая баррель болсон гэжээ. Энэ нь 1982 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн доод түвшин юм.

Эх сурвалж: REUTERS