Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага жүжигчин Ким Су Хёны нэр төрийг гутааж, түүний карьерийг сүйрүүлсэн гэх дуулиант хэргийг өдөөн турхирсан YouTuber-ийг баривчлах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байна.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, тухайн YouTuber нь жүжигчин Ким Су Хён болон жүжигчин Ким Сэ Рон нарыг насанд хүрээгүй байхдаа болзож байсан мэт сэтгэгдэл төрүүлэх зорилгоор текст мессэжийн дэлгэцийн зургийг засварласан, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн аудио файл тараасан гэж үзэж байгаа аж.
Эдгээр мэдээлэл өнгөрсөн жил, Ким Сэ Рон 24 настайдаа амиа хорлосны дараахан олон нийтэд ил болжээ. Тухайн дуулиан Өмнөд Солонгос даяар хүчтэй шуугиан тарьж, Ким Су Хёны карьерийг үндсэндээ зогсоход хүргэсэн гэж үзсэн байна. Жүжигчин өөрийг нь буруутгасан бүх үндэслэлийг няцаасаар иржээ.
Холбогдох YouTuber Ким Сэ Үи нь өөрийн үйлдлийг зөвтгөж, цагдаагийн газраас өөрийг нь буруутгасан үндэслэлүүдийг “мөрдөн шалгалтыг тасалдуулах зорилготой зохиомол тайлбар” гэж мэдэгдсэн видео нийтэлжээ.
Цагдаагийн мэдээлснээр, YouTuber-ийн хожим нийтэлсэн дуу бичлэг Ким Сэ Рон өөрөө Ким Сух Ёнтай дунд сургуулийн наснаасаа болзож байсан мэт яриа хийсэн мэтээр AI ашиглан хийсэн дуу хоолой байжээ.
Мөн түүнийг жүжигчдийн хоорондын мессэж мэт харагдуулах зорилгоор текстийн скрийншотуудыг засварлан, олон нийтэд түгээсэн гэж буруутгаж байгаа аж.
Цагдаагийн баримтад "YouTuber эдгээр худал мэдээллийг санхүүгийн ашиг олох зорилгоор санаатайгаар тараасан бөгөөд түүний үйлдэл нь “Ким Су Хёны нийгмийн байр суурь, эдийн засгийн үйл ажиллагааг бүхэлд нь нурааж, мэргэжлийн амьдралыг сүйрүүлсэн” хэмээн дурджээ.
Мөн Ким Су Хён одоогийн байдлаар сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдээлсэн байна.
Өмнөд Солонгост алдартнууд нийгмийн маш өндөр шаардлага, хүчтэй шүүмжлэл дор байдаг бөгөөд жижиг зөрчил ч карьерийг нь сүйрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Өмнө нь Ким Сэ Рон өөрөө согтуугаар машин жолоодсон хэргээр торгуулж, онлайн дайралтад өртөж байсан аж.
Түүнийг нас барсны дараа Ким Су Хёныг 15 настайгаасаа болзсон гэх цуурхал тарж, дээрх YouTuber-ийн нийтэлсэн бичлэгүүд үүнийг улам өдөөжээ. Ким Су Хёны агентлаг анх энэ бүхнийг үгүйсгэж байсан бөгөөд хожим тэрбээр зөвхөн насанд хүрсэн үедээ л болзож байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Ким Су Хён 2025 оны гуравдугаар сард нулимс дуслуулан хэвлэлийн бага хурал хийж, “Би хийгээгүй зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж мэдэгджээ. Улмаар тухайн YouTuber болон талийгаач жүжигчний гэр бүлийн эсрэг хуурамч мэдээлэл тараасан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Түүнээс хойш нэгэн цагт олон хит кино, сурталчилгаанд тоглож байсан Ктим Су Хён олон нийтэд ил гараагүй бөгөөд түүний тоглож байсан Disney+ платформын “Knock-Off” цувралын нээлт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Одоогийн байдлаар Ктим Су Хён болон түүний агентлаг YouTuber-ийг цагдаагаас баривчлах хүсэлт гаргасан талаар албан ёсоор тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: BBC