Ардчилсан намын дэргэдэх Гэрэгэ бодлогын хүрээлэн, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр “Чөлөөт зах зээлийн экосфер: Бизнес ба бодлого” форум хамтран зохион байгуулав.
Форумын үеэр Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “Манай улсын төсвийн зарлага 36 их наяд төгрөгт хүрч байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөв ДНБ-ий 32 хувьтай тэнцэж байна. Үүнээс гадна төрийн лиценз, зөвшөөрлөөр дамжин хийгдэж байгаа бизнес ДНБ-ий 80 хувьд хүрч байна.
Бид зах зээлийн эдийн засаг, хувийн хэвшилдээ тулгуурлаж хөгждөг концепцоосоо аажим аажмаар ухарсаар одоо бараг төлөвлөгөөт эдийн засгийн шинж рүү орж эхэлж байна. Бизнесийнхний хүсэж байгаа, сонирхож байгаа зүйл нь “Хувийн хэвшил төрийн бизнестэй өрсөлдмөөргүй байна. Бидэнд тодорхой эрх чөлөө олгох боломжийг хангаж өгөөч” гэж байгаа.
Төр бол хувийн хэвшлээ өрсөлдөгч гэж битгий хараач. Хувийн хэвшлийнхэн бол бүтээгч. Төр бодлогын зохицуулалт хийдэг байхыг тэд хүсэж байна. Төрд хувийн хэвшил дангаар хийх боломжгүй, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой бизнесийг төр хийх ёстой. Гэтэл төр хувийн хэвшлийн хийх боломжтой бүх зүйлийг хийж байна шүү дээ.
Сүүлийн үед яригдсан тоо баримтуудыг харахад төр хувийн хэвшилтэй өрсөлдөх байгууллагуудыг Засгийн газар бүр байгуулагдахдаа шинээр нэмж байгуулж байна. Ажлын байр нэмэгдэхгүй байгаа хэрнээ төрийн удирдах шатны болон төрийн албан хаагчдын тоо эрс нэмэгдэж байна.
Ингээд нэрлэсэн үнээрээ ДНБ өсөөд байгаа ч иргэдийн амьдрал сайжирч байна уу, өрхийн хаалгаар орж байна уу гэсэн асуултад их хэмжээний эргэлзээ төрүүлж байгаа юм” хэмээн ярив.