Саудын Араб болон Ираны дэмжлэгтэй Йемений хуситууд стратегийн чухал байгууламжууд, тэр дундаа газрын тосны дэд бүтэц, далайн боомтуудад харилцан улам хүчтэй цохилт өгч буй нь хоёр талын хоорондох зэвсэгт мөргөлдөөн эрс хурцадсаныг харуулж байна.
Пүрэв гарагт Саудын Арабын баруун өмнөд хэсэгт орших Жизан мужийн газрын тос боловсруулах үйлдвэрт пуужинт зэвсгийн цохилт өгсний улмаас Балба улсын нэг иргэн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ. Халдлагын улмаас үйлдвэрт гал гарч, үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Энэхүү халдлагаас нэг өдрийн өмнө хуситууд Саудын Арабын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болох Рас-Танура байгууламжид цохилт өгсөн хэмээн мэдэгджээ. Лхагва гарагт авсан хиймэл дагуулын зургаас халдлагын дараа далайн эргийн хойгоос их хэмжээний хар утаа суунаглаж буй нь харагдсан байна.
Хуситуудын хяналтад байдаг зэвсэгт хүчний мэдэгдсэнээр, халдлагын улмаас Саудын Арабын Зүүн мужид байрлах Рас-Танура байгууламжид гал гарсан аж. Уг байгууламж нь дэлхийн хамгийн том түүхий газрын тос экспортлох терминалуудын нэг хэсэг юм.
Пүрэв гарагт газрын тос тээвэрлэлтийн салбарын нэгэн эх сурвалж CNN агентлагт халдлагын дараа тус терминалаар газрын тос ачих ажиллагааг зогсоосон талаар мэдээлжээ. Гэхдээ уг ажиллагаа дахин сэргэсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Харин Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчнийхэн Рас-Танура орчимд ниссэн дөрвөн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг илрүүлэн амдан устгаснаа мэдэгджээ. Устгасан төхөөрөмжүүдийн хэлтэрхий унасан боловч хүний амь нас хохирсон, гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Рас-Танура дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь өдөрт 550 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай. Тус байгууламж АНУ, Ираны дайн эхлэхээс өмнө Саудын Арабын түүхий газрын тос экспортлох гол терминал байрлаж байсан өргөн хүрээний үйлдвэрийн цогцолборын нэг хэсэг аж.
Саудын Арабын төрийн өмчит газрын тосны компани "Арамко" CNN агентлагийн тайлбар авах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй буй юм байна.
Мөн хуситууд лхагва гарагт Эр-Рияд хотын Хаан Абдуллагийн эдийн засгийн хотхон руу хийсэн халдлагын хариуцлагыг өөрсдөө хүлээжээ. Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, уг халдлагын улмаас 11 хүн шархадсан байна.
Халдлагад өртсөн тэнгэр баганадсан барилгын дотор Саудын Арабын нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй төрийн баялгийн сан болох Хөрөнгө оруулалтын нийтийн сан (PIF)-гийн төв байр байрладаг гэж хэргийн газарт байсан гэрч CNN агентлагт ярьжээ.
Лхагва гарагт хожим нь хийсэн мэдэгдэлдээ Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчнийхэн уг халдлагыг хуситууд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр үйлдсэн гэж мэдэгдээд, үүнд "хатуу хариу арга хэмжээ авна" хэмээн анхааруулсан байна.
Йеменд цэргийн цохилтууд эрчимжив
Үүний зэрэгцээ Саудын Араб тэргүүтэй эвслийн хүчнийхэн Йемений хуситуудын хяналтад байгаа бүс нутгуудад хийх довтолгоогоо эрчимжүүлжээ.
Пүрэв гарагт эвслийн хүчнийхэн хуситуудын цэргийн чадавхад чиглэсэн "өндөр нарийвчлалтай цэргийн ажиллагаа" явуулж, Санаа, Ходейда, Саада мужуудад хууль ёсны цэргийн бай гэж тодорхойлсон нийт 50 объектыг устгасан талаар мэдэгджээ.
Үүнээс нэг өдрийн өмнө эвслийн хүчнийхэн хуситуудын хяналтад байдаг Ходейда боомт дахь "цэргийн ажиллагааны чадавх"-д цохилт өгч, Саада болон Амран мужуудад байрлах хэд хэдэн объектыг устгасан талаар мэдээлсэн байна.
Харин хуситуудын хяналтад байдаг зэвсэгт хүчний мэдэгдсэнээр, Саудын Арабын байлдааны нисэх онгоц болон пуужинт зэвсгүүд өмнөх 24 цагийн хугацаанд Йемений нутаг дэвсгэрт, тэр дундаа Санаа болон Ходейда хотуудад нийт 109 удаагийн цохилт өгчээ.
Санаа хотод төвтэй, хуситуудын хяналтад байдаг Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлэхдээ, Саудын Арабын цохилтын улмаас Йемений хэд хэдэн бүс нутагт сүүлийн 48 цагийн хугацаанд энгийн иргэдээс дор хаяж 19 хүн амиа алдаж, 25 хүн шархадсан гэж мэдэгдсэн байна.
CNN агентлаг цэргийн цохилт болон хүний амь нас хохирсон тухай талуудын мэдээллийг бие даан баталгаажуулах боломжгүй байгаагаа онцолжээ.
Эх сурвалж: CNN