2020 оны хоёрдугаар сард цар тахлын улмаас зогссон Бээжин-Москва чиглэлийн олон улсын галт тэрэгний үйлчилгээг хэсэгчлэн сэргээж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх зорчигч тээврийг дахин эхлүүлжээ.

Зургаан жил завсарласны дараа Хятад, Монгол, Оросыг холбосон олон улсын зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ энэ долоо хоногт дахин сэргэлээ. Энэхүү үйлчилгээг сэргээснээр гурван улсын худалдаа, аялал жуулчлалын харилцааг идэвхжүүлэх хүлээлттэй байна.

2020 оноос хойш тус чиглэлд зорчигч тээвэрлэсэн анхны олон улсын галт тэрэг өнгөрсөн лхагва гарагт Бээжингийн төмөр замын өртөөнөөс хөдөлжээ. БНХАУ-ын Төмөр замын улсын корпорацын мэдээлснээр, уг чиглэлд долоо хоног бүр хоёр талын аялал хийх аж.

Бээжингээс ОХУ-ын Сибирийн зүүн хэсэгт орших аж үйлдвэрийн төв Эрхүү хот хүртэлх 2,666 километр замыг галт тэргээр ойролцоогоор 55 цагт туулах юм байна. Замдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар зэрэг хэд хэдэн хотод зогсох аж.

Энэ удаа сэргээсэн үйлчилгээ нь 1959 оноос эхтэй Бээжин-Москва чиглэлийн урт маршрутын нэг хэсэг юм байна. Коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор улс орнууд зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосны улмаас уг чиглэлийн галт тэрэг 2020 оны хоёрдугаар сард зогсжээ. Москваг зорих зорчигчид ОХУ-ын нутаг дэвсгэрт өөр галт тэргэнд дамжин суух боломжтой аж.

Хятадад үйлдвэрлэсэн шинэ вагонууд нь хоолны вагон болон унтлагын тасалгаатай юм байна.

The China-Mongolia-Russia international passenger train departs from Beijing Railway Station  on Wednesday. Photo: Xinhua
Зохиогч: Ральф Женнингс (Ralph Jennings)
Нийтлэгдсэн: 2026 оны 11 дүгээр сарын 26-ны 15:00 цаг

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, энэхүү төмөр замын үйлчилгээг сэргээснээр гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжиж, иргэд хоорондын харилцаа, солилцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.

Бээжин хот дахь “The Economist Intelligence Unit”-ийн Хятад судлаач, ахлах эдийн засагч Шюй Тяньчэнь хэлэхдээ "Уг галт тэрэгний гол давуу тал нь хил дамнан бизнес эрхлэгчид уулзалт хийх, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд илүү хялбар болгоно" гэжээ.

Түүний тайлбарласнаар, худалдаа эрхлэгчид болон жижиг бизнесийнхэн галт тэргээр зорчиж, нийлүүлэгчидтэйгээ уулзах, борлуулагчидтай харилцах, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шалгах боломжтой аж. Мөн маршрутын дагуух зочид буудал, ресторан, аялал жуулчлалын компаниуд галт тэргээр зорчигчдоос эдийн засгийн үр өгөөж хүртэх боломжтой юм байна.

Түүнчлэн Шюй Тяньчэнь "Жуулчид Бээжингээс Монгол Улсаар дамжин ОХУ-ын Байгаль нуурын үзэсгэлэнт бүс нутаг хүртэл шууд унтлагын вагоноор зорчих боломжтой болсон. Аялал жуулчлалын компаниуд гурван улсыг хамарсан аяллын багц хөтөлбөр боловсруулах боломжтой бөгөөд зарим жуулчны хувьд зорьсон газартаа хүрэхээс гадна галт тэргээр аялах үйл явц өөрөө аяллын нэгэн сонирхолтой хэсэг болох юм" гэж онцолсон байна.

Passengers board the China-Mongolia-Russia international passenger train at the Beijing Railway Station on Wednesday. Photo: Xinhua
Зорчигчид лхагва гарагт Бээжингийн төмөр замын вокзалаас Хятад-Монгол-Оросын олон улсын зорчигч тээврийн галт тэргэнд сууж байна. Гэрэл зургийг Синьхуа агентлаг.

Бээжин-Москвагийн төмөр замын чиглэл 1993 онд Хятадын худалдаачдыг онилсон зэвсэгт дээрмийн халдлагуудаар мөн олны анхаарлын төвд орж байжээ. Тухайн үед Хятадын худалдаачид Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах Орос руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэн хүргэж, буцахдаа бэлэн мөнгө авч явдаг байсан бөгөөд замын турш дээрэм, хүчирхийлэл, халдлагад өртдөг тохиолдлууд гарч байжээ.

Үүний дараа Хятадын цагдаагийн байгууллага тухайн онд бэлгийн хүчирхийлэл, халдлага, дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлсэн аж.

ОХУ-д төвтэй “Pravda.ru” мэдээллийн сайт пүрэв гарагт уг үйлчилгээг сэргээсэн талаар нийтлэхдээ "Энэ нь өмнөх хэвийн нөхцөл байдлыг зүгээр л сэргээж буй хэрэг биш, харин төмөр замын дэд бүтэц болон зорчигчдын эрэлт хэрэгцээ өнөөг хүртэл хадгалагдсан эсэхийг шалгах нэгэн сорилт юм" хэмээн дүгнэжээ.

Мөн агаарын тээврээс өөр хувилбар хайж буй зорчигчдод галт тэрэг Азиар аялах өөр төрлийн боломжийг санал болгож буй талаар онцолсон байна.

Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST