АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар ОХУ-ын эрх баригчдад Украины эсрэг өрнүүлж буй дайны цар хүрээг улам тэлэх аливаа алхам хийхгүй байхыг уриалжээ.

Цагаан ордноос "Тэд арваннэгдүгээр сарын 25-ны лхагва гарагт АНУ-ын Флорида мужид уулзах үеэрээ “Орос улс дайныг санаатай болон санамсаргүй байдлаар өргөжүүлэхэд хүргэж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийх нь хэчнээн чухал болохыг хэлэлцсэн" гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн Украины асуудлаар энхийн зохицуулалтад аль болох богино хугацаанд хүрч, ОХУ-ын эхлүүлсэн бүрэн хэмжээний дайныг эцэс болгох шаардлагатай гэдэгт Трамп, Рютте нар санал нэгджээ.

Уулзалтын үеэр мөн батлан хамгаалахын зардал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлаас гадна АНУ, Израил болон Ираны хооронд өрнөж буй дайны талаар хэлэлцсэн байна.

Трамптай уулзахаасаа өмнө Рютте “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө НАТО-гоос ОХУ-д үзүүлэх дарамтыг “хамгийн дээд хэмжээнд хүргэх” шаардлагатайг онцолжээ. Тэрбээр энэ асуудлыг Цагаан ордны тэргүүнтэй хийх уулзалтынхаа үеэр хэлэлцэх бодолтой байгаагаа илэрхийлсэн аж.

Трамп Путиныг “найз” хэмээн нэрлэжээ

Өнгөрсөн долоо хоногт Трамп БНХАУ-д ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцсон гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп Оросын удирдагчийг “найз” хэмээн нэрлэж, халуун дотноор мэндчилсэн билээ.

Үүний дараа тэрбээр өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд Путинтэй гар барьж буй гэрэл зургаа нийтэлж, түүнийг дахин “найз” хэмээн нэрлэсэн байна. Эдгээр үйлдэл нь АНУ-д ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

Харин Герман болон НАТО-гийн Европын бусад гишүүн орнууд Украины дайныг энхийн замаар зохицуулахын тулд Трамп ОХУ-д буулт хийж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа аж.

Эх сурвалж: DW