Украины нийслэл Киев хотын захирагч Виталий Кличко өөрийн Telegram сувгаараа дамжуулан "Лхагва гарагийн орой буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр ОХУ-ын зэвсэгт хүчин Киев хотод баллистик пуужингаар цохилт өглөө" гэж мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, халдлагын улмаас дөрвөн хүн шархадсанаас хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа тул эмнэлэгт хэвтүүлсэн байна. Пуужингийн цохилт Днепр мөрний зүүн эрэгт орших Киев хотын Деснянский дүүрэгт тусжээ.
Виталий Кличко "Халдлагад худалдааны төв, үйлдвэрлэлийн бүсийн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламж болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай бус объектууд өртсөн" гэж мэдээлсэн байна.
Арваннэгдүгээр сарын 25-нд шилжих шөнө Украины хэд хэдэн бүс нутагт болсон халдлагын улмаас нийт гурван хүн амиа алдсан талаар мэдээлжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Одесса мужид 17 настай хүү болон 41 настай эрэгтэй амиа алдсан байна. Мөн 12 настай хүүхэд зэрэг тус мужийн гурван оршин суугч шархаджээ.
Түүнчлэн арваннэгдүгээр сарын 25-ны өглөө Киев мужийн Била Церква хотод нэг хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Эрх баригчдын мэдээлснээр, халдлагын үеэр амин чухал дэд бүтцийн объектууд, мөн “Эпицентр” худалдааны төв болон “Нова Пошта” шуудан, хүргэлтийн үйлчилгээний салбар өртжээ.
Эх сурвалж: DW