Арваннэгдүгээр сарын сүүлээр Германы S. Fischer хэвлэлийн газраас Йоахим Зауэрийн (Joachim Sauer) “Mein richtiges Leben” буюу “Миний жинхэнэ амьдрал” нэртэй ном хэвлэгджээ. Германы канцлер асан Ангела Меркелийн нөхөр өөрийн амьдрал, гэр бүл, эрдэм шинжилгээний ажил, улс төрийн тогтолцооны талаарх үзэл бодлоо 368 хуудас бүхий энэхүү номдоо өгүүлсэн байна.
Йоахим Зауэр номдоо юу өгүүлэв?
Энэ бол дарангуйллын нийгэмд эрдэм шинжилгээний ажил эрхэлж, эрх чөлөөг мөрөөдөн амьдарч байсан нэгэн эрдэмтний дурсамж аж. Тэрбээр Берлиний хана нурсны дараа бий болсон шинэ боломжуудыг ашиглан, шинжлэх ухааны салбарт амжилттай карьераа бүтээсэн тухайгаа бичжээ.
Зауэр Баруун Германы талаар өөрийн гэсэн шүүмжлэлтэй байр суурьтай. Түүний бичвэрээс Зүүн Германд амьдарч байсан хүний гомдол, бухимдал мэдрэгддэг аж. Тэрбээр номынхоо өмнөх үгэнд Баруун Германы зарим иргэнийг “сонирхолгүй, мэдээлэлгүй, бодлогогүй, үл хүндэтгэсэн” хэмээн тодорхойлжээ.
Түүний үзэж буйгаар, Зүүн Германы дарангуйллын үед амьдарч байсан хүмүүс өөрсдийн нэр төр, мэргэжлийн хүсэл эрмэлзлээ хадгалж үлдсэн аж.
Зауэр “Бид мэргэжлийн хүсэл эрмэлзлээсээ татгалзаагүй. Германы Социалист Нэгдсэн Нам (СНН)-ийн дарангуйллын үеийг нэр төртэй даван туулж, жинхэнэ амьдралаараа амьдарсан” хэмээн бичжээ. Тэр ийм туршлага Баруун Германы хүмүүст байхгүйг онцолсон байна.
Ангела Меркелийн нөхрийн дурсамжийг уншихаар хүлээж байсан хүмүүсийн хувьд энэ ном бага зэрэг гэнэтийн санагдаж магадгүй аж. Учир нь, “Миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр” гэсэн бүлэг нь Меркельтэй танилцсан тухай бус, Берлиний хана нурсан түүхийн тухай өгүүлдэг байна.
Ангела Меркелийн нэр гардаг цорын ганц бүлэгт ч зохиогч тэдний танилцсан түүхээс илүүтэй хамт ажиллаж байсан эрдэмтэд, тухайн үеийн эрх баригчидтай харилцаж байсан асуудлуудыг дэлгэрэнгүй өгүүлжээ.
Эрдэмтний гэр бүл, амьдралын замнал
Йоахим Зауэрийн хувьд олон нийт түүнийг Ангела Меркелийн нөхөр гэдгээр мэддэг. Харин өөрөө гэр бүлийн түүх, эрдэм шинжилгээний амьдралдаа илүү анхаарал хандуулахыг хүсдэг аж.
Түүний эцэг Рихард нь талхчин, нарийн боовчин байжээ. Тэрээр Рур мужийн уурхайчны өнөр өтгөн гэр бүлд өсөж, өлсгөлөн, амьдралын хүнд хэцүүг багаасаа мэдэрсэн нэгэн байж. Арван дөрвөн настайдаа хоол тэжээлийн дутагдлаас болж бие жижиг байсан тул зуурмагтай ажиллахдаа маргарины хайрцаг дээр зогсдог байжээ.
Рихард мэргэжлийн ур чадвартай болж, өөрийн талхны цехтэй болохыг мөрөөддөг байсан ч Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хүнд шархадсаны улмаас мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон байна.
Зауэр номоо бага насныхаа дурсамжаар эхлүүлжээ. Эцгийнхээ хийдэг бялуу, хөдөөх амьдрал, театрт анх очсон үе, гэр бүлийнх нь коммунист засаглалыг эсэргүүцдэг байсан тухай өгүүлсэн байна.
Тэрбээр сургуульд байхдаа хими, математикт сонирхолтой болж, Берлинд суралцан, БНАГУ-ын Шинжлэх ухааны академид ажиллаж, хоёр удаа эрдмийн зэрэг хамгаалжээ. Герман улс нэгдсэний дараа Хумбольдтын их сургуулийн профессор болсон байна. Зауэр квант химийн чиглэлээр судалгаа хийж, катализаторын бүтэц, үйл ажиллагааг судалдаг эрдэмтэн аж.
Түүний дурсамжид гэр бүлийн түүх, өдөр тутмын амьдралын тухай өгүүлэмжүүд эрдэм шинжилгээний судалгаа, хурал, томилолтын талаарх дэлгэрэнгүй тэмдэглэлтэй зэрэгцэн гардаг байна. Харин нэрт эхнэрээсээ илүүтэй өөрийн багш, хамтран ажиллагсад болох Рудольф Заградник, Райнхарт Альрихс, Ханс Георг фон Шнеринг нарын тухай дэлгэрэнгүй бичжээ.
Тэр дундаа өөрийн багш Райнер Радеглид онцгой талархал илэрхийлсэн байна. Тэд зөвхөн шинжлэх ухааны асуудал төдийгүй тухайн үеийн Зүүн Германы нууц цагдаа болох “Штази”-тай хэрхэн харилцах талаар ч зөвлөлддөг байжээ.
Радегли улс төрийн хувьд эрх баригчдын шаардлагад нийцээгүй, Баруунд амьдардаг хамаатантайгаа харилцаагаа таслахаас татгалзсан шалтгаанаар эрдмийн карьераа ахиулж, профессор болж чадаагүй байна.
Зауэр өөрийгөө эрх баригчдын эсрэг тэмцэгч байсан гэж дүрслэхийг хүсээгүй. Харин тоталитар нийгэмд хүмүүсийн амьдрал хоёрдмол байдалтай байсныг илэн далангүй өгүүлжээ.
Тэрбээр шалгалтад өөрийн бодлыг бус, албан ёсны хэвлэлд бичсэн зүйлийг хэлдэг байсан бөгөөд оюутны байр авахын тулд залуучуудын байгууллагад элсэх амлалт өгдөг байв. Гэхдээ эрх баригч намд элсэх, “Штази”-тай хамтран ажиллахаас татгалзжээ.

Берлиний хана нурах үед Зауэр 40 настай байжээ. Тэрбээр “Берлиний хана нурсан өдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байсан. СНН-ийн ноёрхол хэзээ нэгэн цагт дуусна гэдгийг би үргэлж мэддэг байсан ч өөрийн амьдралын үед ийм зүйл болно гэж найдаж зүрхэлдэггүй байлаа” хэмээн бичжээ.
Зауэрийн дурсамж дахь ЗХУ, Оросын тухай
Зауэрийн хувьд ЗХУ бол юуны түрүүнд Зүүн Германы коммунист дарангуйллыг танкаараа хамгаалж байсан улс аж.
Тэрбээр “Бид жирийн цэргүүдэд өс санаж байгаагүй. Тэдэнтэй дарга нар нь мал адил харьцдаг байсныг бид хардаг байсан. Бага байхад манай гэрийн хажуугаар Зөвлөлтийн танк, цэргүүдийг тээвэрлэсэн галт тэргүүд өнгөрдөг байлаа. Бид вагонны онгорхой хаалгаар харагдах цэргүүд рүү гараа далладаг байсан. Гэхдээ нэг зүйл надад үргэлж тодорхой байсан. Энд Оросын танкууд байгаа цагт эрх чөлөөний тухай мөрөөдөх боломжгүй” гэжээ.
Түүний хувьд Зүүн Германд гарсан бослого, Унгарын үйл явдал, Чехословак руу Зөвлөлтийн цэрэг оруулсан явдал, Польшид цэргийн байдал тогтоосон зэрэг түүхэн үйл явдлууд энэ үзлийн баталгаа болсон байна.
Номд Зөвлөлтийн үеийн өдөр тутмын амьдралын сонирхолтой дурсамжууд ч багтжээ. Зауэр залуу эрдэмтэн байхдаа Ленинградын ойролцоох Репино хотод хоёр долоо хоногийн квант химийн сургалтад оролцож байжээ. Тэнд Финландын булангийн мөсөн дээгүүр зугаалж, өдөрт гурван удаа котлет, төмсний нухаш иддэг байсан тухайгаа дурссан байна.
Тэрбээр Эрмитажийн музейд очиж, Матиссийн бүтээлүүдийг үзээд, гүн сэтгэгдэл төрсөн тухайгаа бичжээ. Харин Гүрж ресторанд орос хэл мэддэгт нь баярласан нутгийн иргэд хамт явсан эрдэмтнийг нь согтоож, ухаан алдтал дайлсан хөгжилтэй түүхийг ч өгүүлсэн байна.
Зауэр амьдралдаа үзсэн хамгийн гайхалтай дуурийн тоглолтуудын нэгээр 2005 онд Зальцбургт Анна Нетребкогийн тоглосон “Травиата”-г нэрлэсэн байна. Тухайн үед Ангела Меркель сонгуулийн кампанит ажилтай байсан ч тэд энэ тоглолтыг үзэхээр явжээ. “Бусдын адил бид ч нулимс дуслуулан догдолж, аз жаргалтайгаар гэртээ харьсан” хэмээн бичжээ.
Харин Украины эсрэг ОХУ-ын явуулж буй дайныг Зауэр шууд утгаар нь түрэмгийлэл гэж нэрлэсэн байна. Тэрбээр Оросын олзноос буцаж ирсэн украинчуудын дүр төрх, фронтод амь үрэгдсэн ахынхаа дурсгалд зориулан дайны үеэр номын дэлгүүр нээсэн украин эмэгтэйн тухай телевизийн нэвтрүүлгийг дурджээ.
Меркелийн нөхөр байхыг хүсээгүй эрдэмтэн
Ангела Меркель Германы канцлер болсны дараа нөхрөөс нь төрийн тэргүүний гэр бүлийн төлөөллийн үүргийг хүлээж авахыг олон нийт хүлээж байсан аж. Гэвч Зауэр ийм дүрд тоглохыг хүсээгүй байна. Меркель сонгуулийн кампанит ажлын үеэр “Би Холбооны канцлер болохыг хүсэж байна, харин тэр эрдэмтэн хэвээрээ үлдэхийг хүсэж байна” гэж хэлж байжээ.
Зауэр эхнэрээ канцлераар сонгогдох үеэр ч, тангараг өргөх ёслолд ч оролцоогүй байна. Тэрбээр “Би эхнэрийнхээ карьерыг өөрийн карьер гэж хэзээ ч үзэж байгаагүй. Түүний шинэ албан тушаал надад ямар нэгэн асуудал үүсгээгүй. Харин асуудал хэвлэл мэдээллийнхэнд байсан” гэж бичжээ.
Түүний сэтгүүлчидтэй харилцах харилцаа тийм ч таатай байгаагүй аж. The Times сонин түүнийг “бүрэг, хүмүүст дургүй нэгэн” хэмээн тодорхойлж байжээ. Тэрбээр ярилцлага өгөхөөс татгалздаг, улс төрчид, хэвлэл мэдээлэл, нийгмийн хүрээлэлд төдийлөн сонирхолгүй нэгэн байсан аж.
Зауэр номдоо сэтгүүлчдийн гаргасан алдаа, үндэслэлгүй мэдээллүүдийг нэр, хэвлэлтэй нь дэлгэрэнгүй дурджээ. Тухайлбал, нэгэн сонин Берлиний зочид буудлын нээлтийн үеэр Зауэр буфетэд хоёр удаа очсон тухай мэдээлсэн боловч тухайн өдөр тэрбээр АНУ-д байжээ. Өөр нэг хэвлэлд түүний нэрийг Австрийн сайд болон рестораны тогоочийн зурагтай андуурч бичсэн тохиолдол ч гарч байсан аж.
2013 онд Ангела Меркельтэй хамт Италийн Иския аралд амарч байх үед папарациуд тэдний гэр бүлийн зургийг холоос авч, ач зээ нарынх нь хамт хэвлэлд нийтэлжээ. Үүний дараа зарим сонин Меркель сонгуулийн өмнө өөрөө зураг авахуулсан мэтээр мэдээлсэн байна.
Зауэр үүнд ихэд бухимдаж, улс төрчийн гэр бүлийнхэн яагаад ийм хэмжээний хэвлэл мэдээллийн анхаарлын бай болох ёстойг гайхаж байжээ. Тэдний хайртай аралд өнгөрүүлсэн амралт ийнхүү утгаа алдаж, гэртээ үлдсэн нэгэн зураг л тэдэнд “алдагдсан диваажин”-г сануулдаг болсон гэж бичсэн байна.
Ангела Меркельтэй хэрхэн танилцсан бэ?
Ангела Меркелийн нэр номын хоёрдугаар хагаст л гарч ирдэг. 1978 онд Зауэрийн ажиллаж байсан БНАГУ-ын Шинжлэх ухааны академийн Физик химийн төв хүрээлэнд физикийн чиглэлээр төгссөн залуу бүсгүй Ангела Меркель ажилд оржээ. Тэрээр онолын химийн хэлтэст эрдэм шинжилгээний ажилтан болж, диссертац дээрээ ажиллаж эхэлсэн байна.
Меркель тухайн хэлтсийн цорын ганц эмэгтэй байсан бөгөөд нийтэч, хүмүүсийн дунд байх дуртай, ажлын газрынхаа төвд тамхи татан ярилцдаг нэгэн байжээ. Зауэр түүний соёл урлагийн сонирхол, эрх баригчдад шүүмжлэлтэй ханддаг зан чанарыг анзаарсан байна.
Тэд театрт хамт очиж, ном болон улс төрийн талаар ярилцдаг болжээ. Зауэр тэдний дотно харилцаа хэрхэн эхэлснийг шинжлэх ухааны тайлан мэт даруухан өгүүлсэн байна. Тэр “Ангелатай тогтоосон мэргэжлийн харилцаа улам ойртож, бид хувийн амьдралдаа ч дотносож эхэлсэн. Хамт ажиллагсдын нөхөрлөл маань илүү гүнзгий харилцаа болж хувирч, бид хосууд болон хамт амьдрах болсон” гэжээ.
Зауэрийн номд Меркелийн өөрийнх нь "дуу хоолой" бараг сонсогддоггүй. Тэрбээр эхнэрийнхээ тухай өдөр тутмын амьдралын цөөн хэдэн сонирхолтой дурсамжийг хуваалцжээ. Тухайлбал, Меркель өвлийн амралтаараа зугаалж яваад унаж, аарцгаа хугалсан тухай өгүүлсэн байна. Гэсэн ч өвдөлтийг үл тоон, хэд хоног алхаж явсан бөгөөд шинэ жилийн мэндчилгээний бичлэг, баярын оройн зоогийн дараа л эмнэлэгт үзүүлж, гэмтлээ оношлуулжээ.
Мөн Меркель нөхрийнхөө дуртай Берлин рестораны жороор шницель хийж сурах гэж хичээдэг байж. Шницель, аспарагус, төмс, шаргалтуулсан цөцгийн тосыг нэгэн зэрэг бэлэн болгох нь түүний хувьд жинхэнэ сорилт байсан бөгөөд энэ “гал тогооны тулаан”-ыг оюун санаа, бие бялдрын чадамжаа шалгах нэгэн шалгуур гэж үздэг байжээ.
Зауэр эхнэртэйгээ харилцах харилцааныхаа талаар “Мэргэжилдээ бүрэн анхаарлаа хандуулдаг хоёр хүний жинхэнэ эрх тэгш байдал, түншлэлийн харилцаа нь нийгмийн олонхын хүлээлттэй нийцдэггүй байсан. Гэхдээ Ангела бид хоёр танилцсан цагаасаа хойш яг ийм байдлаар амьдрахыг хичээсэн” хэмээн дурсжээ.
Ийнхүү Ангела Меркелийн нөхөр гэдгээрээ дэлхийд танигдсан Йоахим Зауэр өөрийн намтартаа улс төрийн алдар нэрээс илүүтэй эрдэмтний амьдрал, эрх чөлөөний үнэ цэн, гэр бүлийн түүх, бие даасан байдлаа эрхэмлэн амьдарсан тухайгаа өгүүлжээ.
Эх сурвалж: DW