Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны эцэс гэхэд Кремлийн тэргүүн Владимир Путиныг Украинтай хийх дайныг зогсоохын төлөө ятгаж чадахгүй бол завсрын сонгуулийн дараа Ардчилсан намынхан олонх болсон АНУ-ын шинэ бүрэлдэхүүнтэй Конгресст хандаж, Москвагийн эсрэг шахалтаа нэмэгдүүлэхийг хүсэхээр төлөвлөж байгаа аж.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч арваннэгдүгээр сарын 23-ны даваа гарагийн орой Bloomberg агентлагт ярилцлагадаа өгөхдөө мэдэгджээ. Тодруулбал, Киевийн хувьд хүлээн зөвшөөрөхүйц энхийн хэлэлцээрт хүрч чадахгүй бол Украин Вашингтоноос цэргийн томоохон хэмжээний тусламж хүсэхийн зэрэгцээ ОХУ-ын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг шаардах аж.
Зеленский энэ талаар “Оросын талд тодорхой дохио өгөхүйц хэмжээний дэмжлэг Украинд үзүүлж, хатуу хориг арга хэмжээ авах шаардлагатай. Хэлэлцээрийн ширээний ард сууж, дайныг эцэслэх цаг болсон” гэж онцолжээ.
Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнер, Стив Уиткофф нар энхийн хэлэлцээрийг аль болох хурдан, боломжтой бол нэгдүгээр сарын эхнээс өмнө байгуулахыг шаардаж байгаа аж. Гэвч Зеленский "Украины талд ихээхэн хэмжээний буулт хийх шаардлага тавьж байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхгүй байна" гэж онцолсон байна.
Тэрбээр “Бид ямар үнэ төлөх шаардлагатайг ойлгож байгаа. Бид ч бас энх тайвныг маш их хүсэж байна. Гэхдээ зөвхөн Украин бүх талаар буулт хийх ёсгүй” хэмээн мэдэгджээ.
УКРАИНД ОЛГОХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА БА НАТО-ГИЙН ГЭРЭЭНИЙ ТАВДУГААР ЗҮЙЛИЙН ЗАГВАР
The Washington Post сонины мөн өдөр нийтэлсэн мэдээллээр, Владимир Путин хувийн түвшинд АНУ болон Европын орнууд Украинд НАТО-гийн Умард Атлантын гэрээний тавдугаар зүйлтэй төстэй аюулгүй байдлын баталгаа олгохыг зөвшөөрсөн гэх мэдээлэл гарчээ.
НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлд гишүүн орнуудын аль нэгэнд зэвсэгт халдлага үйлдэхийг нийт эвсэлд халдсантай адилтган үзэж, халдлагад өртсөн гишүүн оронд бусад гишүүн улс тусламж үзүүлэх үүрэг хүлээхээр заасан байдаг аж.
Зеленский ийм хувилбарыг бүрэн үгүйсгэхгүй байгаа ч бодит нөхцөлд эдгээр баталгаа хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байгааг Bloomberg агентлаг онцолжээ.
Түүний үзэж буйгаар, Украинд ОХУ дахин түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд барууны холбоотнууд нь найдвартай цэргийн дэмжлэг үзүүлэх, илүү хатуу хориг арга хэмжээ авах талаар тодорхой, бодитой үүрэг амлалт өгөх шаардлагатай аж. Тэрбээр "Украиныг НАТО-д бүрэн эрхтэй, болзолгүйгээр элсүүлэх нь хамгийн бодитой шийдэл" гэж үзэж буй юм байна.
Зеленский “Хэрэв Путин Украин цэргийн хүчээр хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байна гэж үзэж байгаа бол Украиныг НАТО-д элсүүлэх сонирхол хамгийн их түүнд байх ёстой. Учир нь, Украин НАТО-д элссэн тохиолдолд бид эзлэгдсэн газар нутгаа хүчээр буцаан авах боломжгүй болно. Ингэвэл бид бүх түншээ алдана” хэмээн ярьжээ.
FT: ПЕНТАГОН УКРАИНД 60 ОРЧИМ PATRIOT ПУУЖИНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ ХИЙХИЙГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БАЙНА
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Украинд нийлүүлэхээр өмнө нь Вашингтоноос зөвшөөрсөн Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн 60 орчим удирдлагат пуужинг шилжүүлэх асуудлыг одоогоор баталгаажуулаагүй байгаа талаар Financial Times сонин арваннэгдүгээр сарын 24-нд эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.
Эдгээр пуужинд АНУ-д үйлдвэрлэсэн PAC-3 болон PAC-2 загварын пуужингууд багтаж буй бөгөөд зарим нь Европ дахь агуулахуудад хадгалагдаж байгаа аж. Тэдгээрийн худалдан авалтын санхүүжилтийг Украины барууны холбоотнууд гаргаж байгаа аж.
Украинд нийлүүлэх PAC-3 пуужингийн эхний ээлжийн нийлүүлэлтийг есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд хийхээр төлөвлөсөн боловч одоогоор эдгээр нийлүүлэлтийн аль нь ч Пентагоны зөвшөөрөл аваагүй байгаа юм байна. Мөн Вашингтон хуучин загварын PAC-2 төрлийн 20 орчим пуужинг Украинд шилжүүлэхээр зөвшөөрсөн ч энэ шийдвэрийг ч Хегсет одоогоор баталгаажуулаагүй байгаа аж.
Үүнээс гурав хоногийн өмнө Financial Times сонин дөрвөн эх сурвалжаас иш татан, Дональд Трампын засаг захиргаа Киев, Москвагийн хооронд энхийн хэлэлцээрийг 2026 оны эцэс гэхэд байгуулахыг эрмэлзэж буй талаар мэдээлсэн. Учир нь, ирэх нэгдүгээр сарын эхээр Ардчилсан намынхан Конгрессын хоёр танхимд хяналтаа тогтоосноор Бүгд найрамдахчуудын улс төрийн нөлөө мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх аж.
Европын эх сурвалжуудын нэгний хэлснээр, АНУ-ын тал хэлэлцээр байгуулах асуудлаар хүчтэй шахалт үзүүлж, үүний улмаас Украин томоохон хэмжээний буулт хийхэд хүрч болзошгүй гэсэн болгоомжлол Европын талд үүссэн байна.
Эх сурвалж: DW