АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Украинд нийлүүлэхээр урьдчилан тохиролцсон “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн 60 орчим пуужинг илгээх зөвшөөрөлд одоогийн байдлаар гарын үсэг зураагүй байгаа аж. Энэ тухай Financial Times сонин арваннэгдүгээр сарын 24-нд эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Тус сонины мэдээлснээр, нийлүүлэхээр төлөвлөсөн зэвсэглэлд АНУ-д үйлдвэрлэсэн PAC-3 болон PAC-2 төрлийн пуужингууд багтаж байгаа аж. Тэдгээрийн зарим нь Европ дахь агуулахуудад хадгалагдаж буй бөгөөд худалдан авалтын зардлыг Украины барууны холбоотнууд санхүүжүүлж байгаа юм байна.

PAC-3 төрлийн пуужингуудыг энэ оны есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Украинд нийлүүлэхээр төлөвлөж байсан ч одоогоор эдгээрийн аль нэг багцыг илгээх зөвшөөрлийг Пентагон олгоогүй байна.

Түүнчлэн Вашингтон Украинд “Patriot” системийн өмнөх үеийн хувилбар болох PAC-2 загварын 20 орчим пуужин нийлүүлэхээр тохиролцсон ч уг нийлүүлэлт мөн л Хегсетийн зөвшөөрлийг хүлээж байгаа аж.

“Patriot” пуужинг Украины нутаг дэвсгэрт үйлдвэрлэх асуудал хойшилжээ

Үүнээс гадна “Patriot” системд зориулсан пуужинг Украины нутаг дэвсгэрт бие даан үйлдвэрлэх зөвшөөрөл олгох асуудал Пентагонд "гацсан"-ыг Financial Times онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Украинд ийм үйлдвэрлэл эрхлэх лиценз олгох талаар мэдэгдэж байсан билээ.

Пентагоны төлөөлөгч тус сонинд өгсөн тайлбартаа, АНУ-ын Украинд үзүүлэх дэмжлэгийн бодлого өөрчлөгдөөгүй талаар мэдэгджээ. Тэрбээр АНУ Европын түншүүд болон Украинтай хамтран “Patriot” агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах системийн чиглэлээр Атлантын далай дамнасан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэд хэдэн ажлыг зэрэг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажил үргэлжилж буй талаар онцолсон байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн аравдугаар сард мөн барууны холбоотнуудынх нь санхүүжилтээр худалдан авсан пуужингуудыг АНУ хугацаанд нь нийлүүлэхгүй байгаад анхаарал хандуулж байжээ.

Харин аравдугаар сарын сүүлээр АНУ-ын Төрийн департамент Украинд “Patriot PAC-3” системд зориулсан 500 ширхэг сөнөөгч пуужин худалдахыг зөвшөөрснөө мэдэгдсэн байна. Уг хэлцлийн нийт үнийг ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар гэж тооцжээ. Гэхдээ эдгээр пуужингийн нийлүүлэлт 2030-аад оны эхэн үеэс нааш эхлэхгүй байх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: DW