Арваннэгдүгээр сарын 23-ны орой “Nvidia” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл АНУ-ын технологийн компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Женсен Хуангыг эргэн томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргаснаа мэдэгджээ.

Компанийн мэдэгдэлд “Өнөөдөр Женсен Хуанг энэ мөчөөс эхлэн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалдаа дахин томилогдсоныг зарлалаа” гэж дурдсан байна.

Мөн Төлөөлөн удирдах зөвлөлд “үндэсний аюулгүй байдал хариуцсан өндөр албан тушаалтнуудаас” мэдээлэл ирүүлсэн бөгөөд үүнд үндэслэн Хуангыг албан тушаалд нь эргүүлэн томилох нь үндэсний аюулгүй байдалд ямар нэгэн аюул занал учруулахгүй гэдэгт итгэлтэй байгааг мэдэгдэлд онцолжээ.

Өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 16-нд CNBC телевиз корпорацийн эх сурвалжуудаас эш татан Хуангыг албан тушаалд нь эргүүлэн томилох хувилбарыг огт авч хэлэлцэхгүй байгаа тухай мэдээлж байна. Арваннэгдүгээр сарын 18-нд “Nvidia” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Харви Жонс ч энэ мэдээллийг баталж байжээ.

Женсен Хуантай холбоотой дуулианы улмаас “Nvidia”-гийн хувьцааны ханш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Удирдлагын томилгоотой холбоотой мэдээлэл гарсны дараа “Nvidia” компанийн хувьцааны ханш биржийн өмнөх арилжаагаар 31 гаруй хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 165.11 ам.долларт хүрчээ.

Москвагийн цагаар 17:09 цагийн байдлаар өсөлтийн хурд саарч, хувьцааны ханш 27.45 хувиар нэмэгдэн, нэгж хувьцаа 159.99 ам.долларын үнэд хүрсэн байна.

АНУ-ын зүүн эргийн цагаар 09:15 цагийн байдлаар “Nvidia”-ийн хувьцааны үнэ баасан гарагийн арилжаа хаагдах үеийн үзүүлэлттэй харьцуулахад 29.03 хувиар өсөж, 125.53 ам.доллараас 161.97 ам.долларт хүрчээ.

Үндсэн арилжаа эхлэх үед Nasdaq цахим биржийн индекс 7 гаруй хувийн өсөлт үзүүлсэн байна.

АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн том 500 компанийг багтаадаг S&P 500 индекс 306.07 нэгжээр буюу 4.43 хувиар өсөж, 7,216.46 нэгжид хүрсэн байна. Харин Dow Jones аж үйлдвэрийн индекс 1,117.73 нэгжээр буюу 2.32 хувиар нэмэгдэж, 49,265.06 нэгжид хүрчээ.

“Nvidia”-ийн хувьцааны ханшийн өөрчлөлт

Өсөлтийн нэг үзүүлэлт - +29.03%

Нэгж хувьцааны үнэ - $161.97

Женсен Хуанг албан тушаалдаа эргэн ирснийхээ дараа юу хэлэв?

Арваннэгдүгээр сарын эхээр The New York Times сонин Женсен Хуанг Хятадын тагнуулын байгууллагад ажиллаж байж болзошгүй эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой байсан тухай нийтлэл нийтэлжээ.

Бээжин уг мэдээллийг гүтгэлэг хэмээн няцаасан бол Хуанг хожим нь корпорацийнхаа цахим хуудсанд гэр бүлдээ үнэнч байж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр уг мэдэгдэлдээ эхнэр, хүүхдүүдээсээ уучлал хүсэж, өөрийн үйлдэлд бүрэн хариуцлага хүлээхээ илэрхийлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 12-нд The New York Times сонин дахин нэгэн нийтлэл нийтэлж, Женсен Хуанг корпорацийнхаа эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэллтэй мөн хайр сэтгэлийн холбоотой байсан тухай мэдээлжээ. Тэрбээр Хуангийн шууд удирдлагад ажилладаг байсан аж.

Хуанг албан тушаалаасаа чөлөөлөгдөөд ердөө 12 хоног болсон бөгөөд энэ хугацаанд түүний үүргийг компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, санхүүгийн захирал Колетт Кресс түр орлон гүйцэтгэжээ.

Хуанг албан тушаалдаа эргэн томилогдсоныхоо дараа “Дэлхийн хамгийн чухал технологийн компаниудын нэгийг аж үйлдвэрийн шинэ хувьсгалын эхэн үед удирдан ажиллах боломж дахин олдсон нь миний хувьд асар их нэр төрийн хэрэг юм” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Колетт Кресс, Харви Жонс тэргүүтэй хамтран ажиллагсад, корпорацийн ажилтнууд, хувьцаа эзэмшигчид, зах зээлийн тэргүүлэгчид болон дэлхийн өнцөг булан бүр дэх түншүүддээ талархал илэрхийлжээ.

Түүнчлэн “Юуны өмнө хайр, дэмжлэг үзүүлсэн гэр бүлдээ талархаж байна” хэмээн онцолж, ажилдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлсэн байна.

Үүний зэрэгцээ “Nvidia” корпораци Женсен Хуангтай холбоотой, Хятадын талд тагнуул хийсэн байж болзошгүй гэж сэжиглэгдэж буй эмэгтэйтэй холбоотой дуулианы хүрээнд дотоод шалгалтаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

Компанийн мэдэгдэлд “Хуанг уг шалгалтыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд мөрдөн шалгалтад хамтран ажиллахад бэлэн байна” гэж дурдсан байна.

Хуангийн оронд “Nvidia”-ийн дараагийн тэргүүнээр хэнийг нэрлэж байсан бэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Женсен Хуангийн оронд корпорацийг удирдаж болзошгүй хэд хэдэн хүний нэрийг өмнө нь дэвшүүлж байжээ.

Энэтхэгийн NDTV телевиз “Micron Technology”, “Palo Alto Networks” компаниудын тэргүүнүүд болон “Google Cloud” компанийн нэгжийн удирдлагыг боломжит нэр дэвшигчдийн тоонд оруулсан байна.

Харин Axios мэдээллийн портал 11 хүний нэр бүхий жагсаалт гаргасан бөгөөд тэдний дунд Хуангийн охин Мэдисон Хуанг багтжээ. Тэрээр “Nvidia”-ийн биет хиймэл оюун ухаан хариуцсан нэгжид маркетингийн ахлах захирлаар ажилладаг аж.

Мөн бооцооны компаниуд Британийн технологийн “Arm” компанийн гүйцэтгэх захирал Рене Хаасыг “Nvidia”-ийн дараагийн тэргүүнээр нэрлэж байжээ. Гэвч “Nvidia” корпораци эдгээр мэдээллийг няцаасан байна.

Компани “Бид одоогоор боломжит нэр дэвшигчдийн хэнтэй нь ч албан ёсны хэлэлцээ хийгээгүй. Компанийн дотоод ажилтан эсвэл гаднын мэргэжилтэн гээд тодорхой хүмүүсийн нэрийг дэвшүүлж буй аливаа таамаглал нь эртэдсэн хэрэг юм” хэмээн мэдэгджээ.

Дональд Трамп Женсен Хуангыг албан тушаалдаа эргэн томилохыг дэмжжээ

Арваннэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд үг хэлэхдээ Женсен Хуангыг албан тушаалд нь эргүүлэн томилохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Женсенд хоёр дахь боломж олгохыг би үнэхээр их хүсэж байна. Бид бол хүмүүст хоёр дахь боломж олгодог улс. Түүнийг дахин харахдаа би маш их баяртай байх болно” гэжээ.

Мөн арваннэгдүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Truth Social нийгмийн сүлжээндээ нийтлэл бичиж, “Nvidia”-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуангыг ажилд нь эргүүлэн авах байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Трамп “Энэ нь компанийн хувьд төдийгүй АНУ-ын хувьд хамгийн зөв шийдвэр байх болно” гэж бичсэн байна.

Харин Хуанг албан тушаалдаа эргэн томилогдсон тухай мэдээлэл гарсны дараа Трамп уг шийдвэрийг “зөв бөгөөд үндэслэлтэй шийдвэр” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр цааш нь “Зөвхөн компанийн төдийгүй Америкийн нийт эдийн засгийн амжилт, хөгжил цэцэглэлтийг хангахын тулд улс оронд Женсен Хуанг ‘Nvidia’-ийн удирдлагад байх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ТАСС