АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп "Украины хямралтай холбоотойгоор талуудын хооронд энхийн хэлэлцээрүүдийг ахиулан байгуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр Вашингтон хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна" гэж мэдэгдсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албаны сэтгүүлчид мэдээлжээ.

Цагаан ордонд болсон Зул сарын гацуур модыг угтан авах ёслолын үеэр түүнээс цаашид байгуулах энхийн хэлэлцээрүүдтэй холбоотой шинэ мэдээлэл байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад Мелания Трамп “Бид энэ чиглэлээр ажиллаж байна” хэмээн хариулсан байна.

АНУ-ын Тэргүүн хатагтай энэ сарын 20-нд Fox News телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ, Украины хооронд гал зогсоох шинэ хэлэлцээрийг Григорийн тооллын дагуу Зул сарын баяр тэмдэглэдэг арванхоёрдугаар сарын 25-наас өмнө байгуулах найдлага тээж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн тэрбээр Херсон мужийн Алёшки хотод саяхан зохион байгуулсан хүмүүнлэгийн ажиллагааг “томоохон амжилт” хэмээн тодорхойлсон байна.

Аравдугаар сарын сүүлчээр ОХУ болон Украин улс Херсон мужийн Алёшки хотод хүмүүнлэгийн ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлэх зорилгоор гал зогсоохоор тохиролцсон. Уг тохиролцоонд Мелания Трамп зуучилсан билээ.

Хүмүүнлэгийн ажиллагааны бэлтгэл ажлыг хангах боломж олгохын тулд Оросын Зэвсэгт хүчин аравдугаар сарын 27-ны өдрийн Москвагийн цагаар өглөөний 04:00 цагаас эхлэн Херсоны чиглэлд гал нээх ажиллагаагаа зогсоосон байна.

Уг хүмүүнлэгийн ажиллагааг аравдугаар сарын 30-нд хэрэгжүүлж, орон нутгийн иргэдэд нийт хэдэн арван тонн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ. Мөн тухайн бүс нутгаас нүүх хүсэлтэй бүх иргэнд ОХУ-ын бусад бүс нутаг руу эсвэл Украины нутаг дэвсгэрт шилжин суурьших боломжийг олгосон байна.

Эх сурвалж: TASS