Колумбын их сургуулийн Тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Сакс "ОХУ, БНХАУ, АНУ-ын удирдагчдын гурван талт уулзалт БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болж, НҮБ-ыг шинэчлэх үндэс суурийг тавьсан" гэж мэдэгджээ.
Тэрбээр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын дараа ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа ийнхүү дүгнэсэн байна.
Жеффри Сакс “Энэ бол түүхэн бөгөөд маш эерэг уулзалт байлаа. Гурван улсын удирдагч анх удаа хамтдаа дээд хэмжээний уулзалтад оролцсон нь энэ юм. Энх тайвны төлөөх хамтын ажиллагааны тухай тунхаглал нь дэлхийн томоохон гүрнүүдийн зөвшилцөл, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэж найдаж байна. Ингэснээр Франклин Рузвельтийн анхлан төсөөлж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндсэн үзэл санаа биеллээ олох юм” гэж хэлжээ.
Түүний тайлбарласнаар, АНУ-ын Ерөнхийлөгч асан Франклин Рузвельт дэлхийн хэмжээний нэг төвлөрсөн засаглал байгуулахыг зорьж байгаагүй. Харин АНУ, Их Британи, Зөвлөлт Холбоот Улс болон БНХАУ зэрэг томоохон гүрэн байнгын зөвлөлдөх уулзалт хийж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамтран сахин хамгаалах тогтолцоог дэмжиж байжээ.
Энэ үзэл санаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнчлэл болон хориг тавих эрхийн тогтолцоонд тусгалаа олсон гэж эдийн засагч онцолсон байна.
Мөн тэрбээр “Шэньжэнь хотод болсон уулзалтын үеэр Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн гурван улсын удирдагч НҮБ-ыг үндсэн зорилго болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүргээ бүрэн биелүүлэх боломжтой болгохын тулд шинэчлэхээр зорьж буйгаа илэрхийлсэн” хэмээн нэмж хэлжээ.
Эх сурвалж: TASS