Европын 25 гаруй орны хэдэн арван мянган залуус болон хөдөлмөрчид баасан гарагт нэгдсэн, олон улсын хэмжээнд зохион байгуулсан залуучуудын хөдөлгөөний хүрээнд гудамжинд гарч жагсав.

Их Британи, Франц, Испани, Итали болон бусад орны оюутан залуус амьжиргааны өртөг огцом нэмэгдэж, сургалтын төлбөр өсөж, боловсролын салбарын санхүүжилт хүрэлцэхгүй байгааг эсэргүүцэн хичээлээ орхиж, жагсаалд оролцжээ. Мөн Израилийн Газын зурваст явуулж буй дайныг эрх баригчид дэмжиж, эс үйлдэл үзүүлж байна хэмээн буруутгасан байна.

Италид үйлдвэрчний эвлэлүүд ч мөн жагсаалд нэгдэж, гишүүдээ улсын хэмжээнд зарласан ажил хаялтад оролцохыг уриалжээ.

Энэ намар Z үеийн залуусын тэргүүлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн бусад асуудалд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа байдал, уур амьсгалын хямрал, мөн хиймэл оюун ухааны зохицуулалтгүй хөгжлөөс үүдэн засгийн газрууд ирээдүйд учирч болзошгүй эрсдэлд бэлтгэлгүй байгаа гэх болгоомжлол багтаж байна.

Эсэргүүцлийн жагсаал хаана хаана болж байна вэ?

Европ тивийн олон улс орны нийслэл болон томоохон хотуудын төв талбайд залуу жагсагчид цугларч, хөдөлгөөн өрнүүлжээ.

Италид тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэл болох CGIL-ийн мэдээлснээр жагсагчид Милан хотын Дуомогийн талбай (Piazza del Duomo) зэрэг улсын хэмжээний 100 гаруй талбайд цугларсан байна.

Мөн Италид тээврийн салбарын ажилчид ажил хаях төлөвтэй байгаа тул баасан болон бямба гарагт галт тэрэгний хөдөлгөөнд саатал, тасалдал үүсэхээр байгаа аж.

Европын бусад орнуудаас Их Британид хэд хэдэн оюутны бүлгүүд нийслэл Лондон хотын төвд байрлах Парламентын талбай (Parliament Square) руу жагсан очжээ.

Demonstrators gather in Parliament Square as they participate in an International Youth Strike protest in London, on Friday.
Баасан гарагт Лондон хотын Парламентын талбайд болсон Олон улсын залуучуудын ажил хаялт, эсэргүүцлийн жагсаалд оролцож буй хүмүүс. Фото: Isabel Infantes/Reuters.

Мөн Германы баруун хэсэгт орших Кёльн хот болон Италийн хэд хэдэн хотод оюутнууд жагсаалд оролцсон байна.

Ром, Генуя, Болонья, Милан хотуудад жагсагчид зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоож, төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн үйлчилгээнд нэмэгдүүлэхийг уриалжээ.

Зөвхөн Их Британид гэхэд Socialist Students байгууллагын мэдээлснээр 350 гаруй сургууль, коллеж, их сургуулийн оюутнууд хичээлээ орхин жагсаалд оролцохоор төлөвлөсөн аж.

Италийн CGIL үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Маурицио Ландини тус улсад болсон жагсаалд нэг сая гаруй хүн оролцсон гэж мэдэгдсэн боловч энэ тоог бие даан баталгаажуулах боломжгүй байжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Ландини “Өнөөдөр залуучууд зөвхөн Италид төдийгүй Европ даяар гудамжинд гарч байгаа нь маш чухал үйл явдал юм. Өөрчлөлтийг шаардах хүмүүсийн дуу хоолой улам бүр хүчтэй болж байна” хэмээн онцолсон байна.

Лондон хотын Парламентын талбайд жагсаал эхлэхээс өмнө Лондон хотын Цагдаагийн газар зохион байгуулагчидтай холбоотой ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Цагдаагийн байгууллагын төлөөлөгч мэдэгдэлдээ “Бид иргэдийн хууль ёсны дагуу жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн хамгаалах байр суурьтай хэвээр байна. Гэвч аливаа үйлдэл хууль зөрчсөн шинжтэй болбол хууль, дэг журмыг сахиулахын тулд шаардлагатай арга хэмжээг шуурхай авна” гэжээ.

Залуусын эсэргүүцлийн гол шалтгаан юу вэ?

Сүүлийн нэг жилийн хугацаанд Z үеийн залуусын засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн Европын зарим орноос гадна дэлхийн өмнөд бүсийн орнууд болон Америк тивийн зарим хэсэгт өрнөсөн билээ.

Эдгээр хөдөлгөөний шаардлага нь эхэндээ тодорхой нэг асуудалд чиглэж байсан ч цар хүрээ нь тэлэхийн хэрээр өөрчлөгдөж, улс орон бүрд харилцан адилгүй болж иржээ.

COVID-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, Украин, Газын зурвас, Судан, Иран дахь дайны нөхцөл байдал дунд өсөж, өсвөр нас, залуу насаа өнгөрүүлсэн нэгэн үеийнхэн дэлхийн удирдагчид өөрсдийнх нь ирээдүйг эрсдэлд оруулж байна гэж болгоомжлох болжээ.

Тэдний үзэж байгаагаар засгийн газрууд нийгмийн үйлчилгээний санхүүжилтийг танаж, харин цэргийн зардлыг нэмэгдүүлэх замаар залуу үеийнхний ирээдүйд сөргөөр нөлөөлж байна.

Баасан гарагт Герман, Итали, Их Британид болсон жагсаалын үеэр залуус цэргийн албанд татах асуудал, батлан хамгаалахын зардлын өсөлт болон нийгмийн үйлчилгээний салбарын санхүүжилт хангалтгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Students march in downtown Rome on Friday.
Баасан гарагт Ром хотын төвд жагсаж буй оюутнууд. Фото: Alessandra Tarantino/AP.

Их Британийн Socialist Students байгууллагын үндэсний тэргүүн Адам Пауэлл-Дэвис мэдэгдэлдээ “Сургууль, коллеж, их сургуулиудын санхүүжилтийг танаж байгаа атлаа дайнд зарцуулах олон тэрбумын хөрөнгө хаанаас ч юм бэ олдож байхад залуус бид чимээгүй суухгүй. Бидний ирээдүйн төлөө тэмцэцгээе, тэдний дайны төлөө биш!” хэмээн уриалжээ.

Италийн нийслэл Ром хотод жагсагчид:

  • “Дайнд биш, сургуульд мөнгө зарцуул!”

  • “Амьдралын өртөг өндөр дарамтгүйгээр амьдрахыг хүсэж байна!” гэсэн уриа лоозон барьж, хашгирч байсан аж.

Италийн CGIL үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч, хөдөлгөөний гол зохион байгуулагчдын нэг Жоржио Айраудо олон улсын хэмжээний энэхүү эсэргүүцлийн өдрийг “Оюутнууд, ажилчид, тэтгэвэр авагчид хамтдаа нэгдэж, дайн болон зэвсэглэлээр хөөцөлдөхийг эсэргүүцэж буй сайхан өдөр боллоо” хэмээн тодорхойлжээ.

Их Британийн дайны эсрэг үйл ажиллагаа явуулдаг Stop the War Coalition байгууллага мөн цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг өсгөхийг уриалсан байна.

Тус байгууллага хууль тогтоогчдоос цэргийн зэвсэглэл, батлан хамгаалахын зардлыг асар их хэмжээгээр нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг болон Израилийн Газын зурваст явуулж буй дайнд оролцох, дэмжих байр суурьтай байгааг эрс буруушаажээ.

 

Эх сурвалж: CNN