ОХУ-ын зэвсэгт хүчин 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагийн орой Украины Кривой Рог хотын төвд баллистик пуужингаар цохилт өгчээ. Пуужингийн цохилт орон сууцны барилгууд болон рестораны ойролцоо, хүн ихтэй газарт туссан байна.
Днепропетровск мужийн зөвлөлийн дарга Николай Лукашук Telegram сувгаараа дамжуулан уг халдлагын талаар мэдээлэхдээ “Баасан гарагийн орой, хүн хөдөлгөөн ихтэй газар. ОХУ-ын арми бол адгийн шаар, хүн чанараа алдсан этгээдүүд, террористууд. Өөр хэлэх үг алга” хэмээн бичжээ.
Днепропетровск мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа халдлагын улмаас хоёр хүн амиа алдсаныг мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, Оросын пуужингийн цохилтын улмаас шархадсан долоон настай хүү эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас баржээ. Харин эхний цохилтын дараа хэргийн газарт хамгийн түрүүнд очсон түргэн тусламжийн 20 настай эмэгтэй эмч мөн амь үрэгдсэн байна. Александр Ганжа "Эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй" гэж мэдэгджээ.
42 хүн шархадсаны 27-ынх нь биеийн байдал хүнд байна
Орон нутгийн цагаар 23:00 цагийн орчимд Кривой Рог хотын Батлан хамгаалах зөвлөлийн дарга Александр Вилкул хотын төвд болсон пуужингийн цохилтын улмаас нийт 42 хүн шархадсан талаар мэдээлсэн байна. Тэдгээрээс 27 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Шархадсан хүмүүсийн дунд дөрөв, 11, 16, 17 настай дөрвөн хүү, мөн есөн настай охин байгааг мужийн Цэргийн захиргааны дарга Александр Ганжа нэмж мэдээлжээ.
Эрх баригчдын урьдчилсан мэдээллээр, пуужингийн цохилтын улмаас 23 орон сууцны барилга, эмнэлэг болон худалдаа, үйлчилгээний зориулалттай хэд хэдэн объект эвдэрч, гэмтсэн байна.
Эх сурвалж: DW