Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “найз” хэмээн нэрлэсэнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагт CNN телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ хөтлөгчийн асуултад хариулахдаа “Ерөнхийлөгч Трамп Путиныг юу гэж нэрлэхээ өөрөө шийднэ. Харин бидний хувьд тэр бол дайсан. Мэдээж, бидний хувьд тэр бол алуурчин. Дэлхийн олон орны хүмүүс ч түүнийг алуурчин гэж боддог байх. Учир нь, тэр хүн алж байна. Тэр ч бүү хэл өдөр бүр, шөнө бүр хүн алж байна” гэжээ.

Зеленский Путиныг зөвхөн цэргүүдийг бус, энгийн иргэдийг ч хөнөөж буй хүн хэмээн онцолсон байна. Түүний хэлснээр, ОХУ энэ онд дайны талбарт мэдэгдэхүйц амжилт гаргаж чадаагүй бөгөөд Украины эсрэг явуулсан хоёр удаагийн давшилтын ажиллагаа нь бүтэлгүйтжээ.

Зеленский "Оросын эзлэн түрэмгийлэгч хүчин энгийн иргэдийг олноор нь хөнөөж, Украины дэд бүтэц, тэр дундаа эрчим хүч, төмөр зам, гүүр зэрэг чухал байгууламжуудад масс довтолгоо хийх болсон" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр сургууль, сүм хийд зэрэг иргэний зориулалттай барилга байгууламжууд ч халдлагад өртөж байгааг дурджээ.

Украины Ерөнхийлөгчийн үзэж буйгаар, Путиныг “хамтран зүтгэгч”, “найз” гэх мэтээр нэрлэх нь түүнд өөрийгөө алуурчин гэдгээ мэдрэх боломж олгохгүй, улмаар хангалттай дарамт шахалт үзүүлэхгүй байгаа аж.

Зеленский CNN телевизэд “Энэ нь түүний хувьд зогс гэсэн дохио юу, эсвэл үргэлжлүүлж болно гэсэн дохио юу гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ энэ нь түүнийг зогсоохгүй байна. Тиймээс тэр үргэлжлүүлж болно гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Трамп Хятадад Путиныг “найз” хэмээн угтав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Миний найз” хэмээн мэндчилсэн байна.

Энэ үйл явдалд Польшийн Ерөнхий сайд Дональд Туск “Бурхан биднийг ийм найз нөхдөөс хамгаалаг” хэмээн хариу тайлбар хийжээ.

АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчдын гурван талт уулзалт эхлэхийн өмнө Трамп уг уулзалтыг “түүхэнд үлдэх үйл явдал болно” гэж мэдэгдсэн бол уулзалтын дараа “маш сайн болсон” хэмээн дүгнэсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн уг уулзалтыг “түүхэн ач холбогдолтой” хэмээн тодорхойлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Гурван улсын ашиг сонирхол, тэр дундаа Украины асуудлыг багтаасан бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах чиглэлд давхцаж буй зүйл олон бий" гэж мэдэгдсэн байна.

Дональд Трамп и Владимир Путин здороваются за руку на саммите в Китае 19 ноября 2026 года
2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Хятадад болсон уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар. Фото: Vyacheslav Prokofyev / Kremlin Pool / ZUMA / IMAGO

Трамп: Путин дайныг дипломат аргаар дуусгахыг хүсэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад Путиныг хүлээн авч уулзсаны дараа "ОХУ-ын Ерөнхийлөгч Украины эсрэг дайныг хэлэлцээний замаар дуусгах хүсэлтэй гэдэг нь өөрт нь тодорхой болсон" гэж мэдэгджээ.

Тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Би ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй хоёр талын уулзалт хийсэн. ТэрБээр "Орос, Украины хоорондох дайныг дипломат аргаар дуусгах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн. Мөн би ажлаа сайн гүйцэтгэж байгаа манай төлөөлөгчидтэй ярилцсан. Гэхдээ энэ бол хүнд ажил” хэмээн ярьсан байна.

Трамп мөн энхийн хэлэлцээр байгуулахад саад болж буй гол хүчин зүйл нь Путин, Зеленский нарын хоорондын “асар их үзэн ядалт” гэж дахин мэдэгджээ. Харин өөрийнх нь Путинтэй харилцах харилцаа “гайхалтай” гэж тодорхойлсон байна.

Трамп “Тэр дайныг дуусгахыг хүсэж байгаа. Үнэнийг хэлэхэд, үүнийг хэрэгжүүлэхэд маш хэцүү байна” гэж хэлжээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад уулзах үеэрээ Путинээс 2022 онд, хэрэв тухайн үед Трамп АНУ-ын Ерөнхийлөгч байсан бол Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлэх байсан эсэхийг асуусан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Трампын хэлснээр, Путин түүнд “Үгүй, ийм зүйл хэзээ ч болохгүй байсан” гэж хариулжээ.

Эх сурвалж: DW