ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев болон бусад хэд хэдэн мужийн эрчим хүч, тээврийн дэд бүтцэд өргөн хүрээг хамарсан цохилт өгсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тус яамны мэдээлснээр, цохилтын бай болсон газруудад цэргийн аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд, далавчит пуужин болон алсын, дунд тусгалын нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэх, хадгалахад ашигладаг агуулахын терминалууд багтсан байна.
Мөн "Киев хот болон Киев, Днепропетровск, Николаев, Львов, Ивано-Франковск мужуудын эрчим хүч, тээврийн дэд бүтцийн объектуудыг онилсон" гэж мэдэгджээ.
Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалах яам "Одесса мужийн боомтууд болон Украины зэвсэгт хүчний ашиг сонирхолд үйлчилдэг хөлөг онгоцуудад цохилт өгсөн" гэж мэдээлсэн байна.
Тус ажиллагаанд газар, далай, агаараас харвах өндөр нарийвчлалтай зэвсэг болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглажээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ "Украины талын үйл ажиллагаанд хариу болгон цэргийн шийдвэр гаргах төвүүд, НАТО-гийн мэргэжилтнүүдтэй хамтран Украины Зэвсэгт хүчний ашиглаж буй үйлдвэр, агуулахуудыг онилж байна" гэж дурдсан байна.
Харин РИА Новости агентлагийн мэдээлснээр, Киев хотын дарга Виталий Кличко нийслэлд гурван гүүр эвдэрч, гэмтсэн талаар мэдээлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ