Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, ирэх даваа гараг буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 23-нд Бельги улс даяар үндэсний хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдах аж.
Үүнтэй холбогдуулан Элчин сайдын яамнаас монгол иргэдийг жагсаал, цуглаан болж буй газар болон хүн олноор цугларсан бүсээс аль болох хол байхыг анхаарууллаа.
Мөн олон хүнтэй газраар зорчихдоо гар утас, бичиг баримт болон хувийн эд зүйлсээ сайтар хамгаалах, цагдаа, онцгой байдлын байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөжээ. Хэрэв эмх замбараагүй байдал, мөргөлдөөн үүсвэл тухайн газраас тайван, аюулгүй холдож, өөрийгөө болон гэр бүлийнхнээ эрсдэлд оруулахгүй байхыг онцолсон байна.
Нийтийн тээврийн хөдөлгөөнд саатал үүсэж болзошгүй
Эсэргүүцлийн арга хэмжээтэй холбоотойгоор автобус, трамвай, метроны аль чиглэлд саатал гарах, энэ нь хэр удаан үргэлжлэх талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.
Иймд Брюссель хот руу зорчих иргэд хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөж, боломжтой тохиолдолд нийтийн тээврээс өөр төрлийн тээврийн хэрэгсэл сонгох, ажил, хичээл болон чухал уулзалтад явахдаа ердийнхөөс эрт гарахыг Элчин сайдын яамнаас зөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний талаарх шинэ мэдээллийг тогтмол шалгах шаардлагатайг сануулсан байна.
Брюссель хотын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч STIB байгууллагаас арваннэгдүгээр сарын 23-ны өглөөний 06:00 цагаас эхлэн тээврийн хөдөлгөөний нөхцөл байдлын талаар цаг тухай бүрд мэдээлэх аж. Иргэд мэдээллийг тус байгууллагын Facebook, Instagram, WhatsApp сувгууд, албан ёсны аппликейшн, вэбсайт болон утсаар авах боломжтой юм байна.
Бельгид 2500 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байна
Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршин сууж байгаагийн 2500 орчим нь Бельгийн Хаант Улсад ажиллаж, амьдардаг гэсэн статистик бий.
Иймд тус улсад байгаа монгол иргэдийг сонор сэрэмжтэй байж, жагсаал, цуглаан болох бүсээс хол байх, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөх, хувийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарахыг Элчин сайдын яамнаас уриалжээ.
Э.ЦЭЦЭН