Германы Канцлер Фридрих Мерц Украины дайныг зогсоох аливаа хэлэлцээнд Европын оролцоо зайлшгүй шаардлагатайг мэдэгдэж, нутаг дэвсгэрийн асуудлаарх хэлэлцээний эхлэл нь фронтын өнөөгийн шугам байж болохыг онцолжээ.
Түүнчлэн Москва хэлэлцээрт оролцож, тодорхой нөхцөлүүдийг биелүүлэхэд бэлэн болвол ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үе шаттайгаар цуцлах боломжтой гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт Берлин хотноо болсон Украиныг дэмжигч орнуудын “Сайн дурын эвсэл”-ийн дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр энэ байр сууриа илэрхийлжээ.
Мерцийн үзэж буйгаар, Украины дайныг дуусгах энхийн хэлэлцээрт Украин, Орос, АНУ болон Европын орнууд оролцох ёстой аж. Тэрбээр "Европын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг Европын оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй" гэж онцолсон байна.
Германы Канцлер “Европгүйгээр энх тайван тогтохгүй” хэмээн мэдэгдэж, 1945 оны Ялтын бага хурлын жишээг дурджээ. Түүний хэлснээр, Европын хувь заяаг Европын оролцоогүйгээр шийдвэрлэх нь түүхэн алдааг давтах эрсдэлтэй бөгөөд “Ялтын хэлбэрийн хэлэлцээ энх тайвныг авчрахгүй” гэжээ.
Мөн АНУ-ын Засгийн газар Москвагийн талтай харилцаа холбоо тогтоох, шинэ хэлэлцээний суваг нээхээр ажиллаж буйг сайшааж, Европын орнуудыг хэлэлцээний үйл явцад оролцуулахад бэлэн байгаад талархал илэрхийлсэн байна. Тухайн өдрийн орой Берлин хотноо Европ, Украин, АНУ-ын төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалт болохоор төлөвлөгдсөн байжээ.
Фронтын өнөөгийн шугамыг хэлэлцээний эхлэл болгох санал
Мерц ирээдүйн энхийн зохицуулалтын боломжит нөхцөлүүдийн талаар байр сууриа илэрхийлэхдээ Орос, Украины цэргүүдийн өнөөгийн фронтын шугамыг нутаг дэвсгэрийн асуудлаарх хэлэлцээний эхлэл болгон авч үзэж болохыг мэдэгдсэн байна.
Энэ нь фронтын одоогийн байрлалыг эцсийн хил хязгаар гэж хүлээн зөвшөөрөх тухай бус, харин гал зогсоох болон цаашдын нутаг дэвсгэрийн хэлэлцээний суурь нөхцөл болгон ашиглах боломжийн талаархи санал юм.
Түүнчлэн Германы Канцлер "Украиныг барууны бүтэц, байгууллагуудтай интеграцчилах эрхийг нь хадгалах, гал зогсоосны дараа тус улсын аюулгүй байдлыг найдвартай баталгаажуулах шаардлагатай" гэж онцолжээ.
Берлин Украины нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэхдээ ийн одоогийн фронтын нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тус улсын ирээдүйн гадаад бодлогын сонголт, аюулгүй байдлын баталгааг хамгаалах байр суурь илэрхийлж буй аж.
Оросын эсрэг хоригийг нөхцөлтэйгөөр цуцалж магадгүй
Мэдэгдлийн анхаарал татсан өөр нэг хэсэг нь ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний асуудал байжээ. Мерцийн хэлснээр, Москва хэлэлцээнд оролцож, тодорхой нөхцөлүүдийг биелүүлэхэд бэлэн болвол Оросын эсрэг авсан хоригийг үе шаттайгаар цуцлах боломжтой аж.
Тэрбээр “Үүний хариуд тодорхой нөхцөлүүдийг биелүүлэхтэй уялдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээг үе шаттайгаар цуцална” хэмээн мэдэгджээ. Энэ нь хоригийг шууд цуцлах тухай амлалт бус, харин Оросын талын үйл ажиллагаа, хэлэлцээний явц, тохиролцсон нөхцөлүүдийн биелэлттэй уялдуулсан боломжит хувилбар аж.
Мерц Москвад гал зогсоохыг уриалав
Германы Канцлер Оросын удирдлагад хандан байлдааны ажиллагааг зогсоох цаг болсныг онцолж, “Зэвсгээ хойш тавих цаг ирсэн” хэмээн уриалсан байна.
Тэрбээр барууны орнууд Украинд цэргийн тусламж үзүүлж байгаа нь дайныг сунжруулах зорилготой бус, харин энхийн хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж буй талаар тайлбарлажээ.
Мерцийн хэлснээр, Украин шаардлагатай хугацаанд өөрийгөө үр дүнтэй хамгаалах боломжтой байх нь хэлэлцээрт хүчтэй байр сууринаас оролцох нөхцөл болох аж.
Тэрбээр “Бид энэ дайныг дуусгахыг хүсэж байна. Украин шаардлагатай хугацаанд өөрийгөө үр дүнтэй хамгаалж чадахад хувь нэмрээ оруулж байна. Бид энхийн хэлэлцээг боломжтой болгож, хүчтэй байр сууринаас явуулахын тулд ийм дэмжлэг үзүүлж байгаа юм” гэж мэдэгджээ.
Берлинд Украиныг дэмжигч 40 орчим улсын төлөөлөгч цуглав
Берлин хотноо болсон “Сайн дурын эвсэл”-ийн уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер болон Украиныг дэмжиж буй 40 орчим улсын төр, засгийн тэргүүн, төлөөлөгчид оролцсон байна.
Уулзалтын гол зорилго нь Украины дайныг зогсоох дипломат боломж, гал зогсоох нөхцөл, цаашдын аюулгүй байдлын баталгааг хэлэлцэхэд чиглэжээ.
Эх сурвалж: DW