Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгыг хүлээн авч, Москвад айлчлахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүний үзэж буйгаар, Орос, Европын талуудын хооронд Украины дайныг зогсоох асуудлаарх уулзалтыг төвийг сахисан гуравдагч улсад зохион байгуулах нь илүү оновчтой аж.

Зеленский энэ байр сууриа арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт Берлин хотод болсон “Сайн дурын эвсэл”-ийн уулзалтын үеэр Германы DW агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа илэрхийлжээ.

Тэрбээр Европын удирдагчид Москвад очих боломжгүй гэж үзэж байгаагаа хэлээд, ийм айлчлал нь буруу шийдвэр болно хэмээн онцолсон байна.

Украины Ерөнхийлөгчийн санал болгож буйгаар, талуудын уулзалтыг аль нэг талын нутаг дэвсгэрт бус, төвийг сахисан хот, улсад зохион байгуулах нь зүйтэй аж. Ингэснээр дайныг зогсоох талаар хэлэлцээ хийх хүсэл эрмэлзэл, бодитой ахиц гаргах бэлэн байгаагаа талууд харуулах боломжтой гэж тэр үзжээ.

Зеленский хэлэхдээ "Нэг тал нөгөө талдаа “Хэрэв хүсвэл хүрээд ир” гэх байдлаар урилга илгээх нь хэлэлцээрт хүрэх чин хүсэлтэй байгааг илэрхийлэх эерэг эхлэл биш юм" хэмээн тайлбарласан байна.

Украиныг Европын холбоонд элсүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэв

Мөн Зеленский Украиныг Европын холбоонд ассоциацийн буюу холбоот гишүүнээр элсүүлэх боломжийн талаар DW агентлагийн асуултад хариулжээ. Өмнө нь Германы Канцлер Фридрих Мерц энэ хувилбарыг авч үзэх санал гаргасан аж.

Харин Зеленский одоогоор Украины гол зорилго Европын холбоонд элсэх хэлэлцээний бүлгүүдийг нээх явдал гэдгийг онцолжээ. Тус улс энэ онд үлдсэн хоёр хэлэлцээний бүлгийг нээхээр зорьж буй бөгөөд үүний дараа дараагийн алхмаа тодорхойлох аж.

Путин Европын төлөөлөгчдийг Москвад урьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнээс өмнө буюу арваннэгдүгээр сарын 19-нд Европын холбооны төлөөлөгчдийг Москвад ирж, Украины дайныг зохицуулах асуудлаарх байр сууриа танилцуулахыг урьсан тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр Хятадын Шэньжэнь хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын тал хэлэлцээнд ямар байр суурьтай оролцохыг ойлгох шаардлагатайг дурдаж, энэ талаар дипломат шугамаар урилга хүргүүлсэнээ хэлжээ.

Путины хувьд Европын холбооноос Украинд үзүүлж буй тусламж, цаашид өргөжүүлж болзошгүй цэргийн хамтын ажиллагаа нь анхаарал татсан асуудал хэвээр байгаа юм. Тэрбээр Украины нутаг дэвсгэрт гадаадын цэрэг байрлуулах аливаа хувилбарыг Орос улс хүлээн зөвшөөрөхгүйг дахин илэрхийлсэн байна.

Путин "Оросын тал Европын байр суурийг сонссоны дараа Украинтай холбоотой яриа хэлэлцээг цаашид ямар хэлбэрээр үргэлжлүүлэхээ шийднэ" гэж мэдэгджээ.

Bloomberg агентлагийн мэдээлснээр, Франц, Герман, Их Британиас бүрдсэн E3 бүлгийн төлөөлөгчид Оросын талтай уулзах боломжийн талаар хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: DW