Хятад улс зургаа дахь үеийн үүрэн холбооны технологи болох 6G-ийн судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлэх зорилгоор төв болон орон нутгийн хамтарсан туршилтын хөтөлбөртөө мужийн түвшний найман бүс нутгийг сонгон баталжээ.

Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, уг хөтөлбөрт Бээжин, Хэбэй, Шанхай, Жянсу, Жэжян, Аньхүй, Хубэй, Гуандун зэрэг бүс нутаг хамрагдсан байна.

Энэхүү санаачилга нь бүс нутгуудын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нөөц боломжийг нэгтгэж, төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар 6G технологийн судалгаа, инновац, үйлдвэрлэл, хэрэглээг цогцоор нь хөгжүүлэхэд чиглэжээ.

Туршилтын хөтөлбөрийн хүрээнд дараагийн үеийн холбооны төхөөрөмж, үндсэн эд анги, үйлдлийн систем болон хиймэл дагуулын интернэтийн технологийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах аж.

Түүнчлэн 6G технологийг дараах чиглэлүүдэд нэвтрүүлэх боломжийг судалж, туршина. Үүнд:

- Виртуал орчинд суурилсан харилцаа холбоо;
- Аж үйлдвэрийн ухаалаг үйлдвэрлэл;
- Бие даан ажиллах хиймэл оюун ухаанд суурилсан систем;
- Газрын гадаргаас дээш 1000 метр хүртэлх нам өндрийн агаарын орон зайн эдийн засаг, нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ;
- Далайн ухаалаг тээвэр, логистикийн систем.

Ялангуяа хиймэл дагуулын холбоо, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй төхөөрөмж болон ухаалаг үйлдвэрлэлийг нэгтгэсэн шинэ технологийн хэрэглээг бодит орчинд турших нь уг хөтөлбөрийн чухал хэсэг юм байна.

Харин тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас туршилтын бүс нутгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, мэргэжлийн зөвлөмж, техникийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол үнэлгээ хийхээр төлөвлөжээ. Энэ нь 6G технологийн судалгаа, хөгжүүлэлтийг түргэтгэж, шинэ технологид суурилсан үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зорилготой аж.

5G-ээс 6G рүү: Хятад улс харилцаа холбооны дараагийн үеийн өрсөлдөөнд бэлдэж байна

Хятад улс 5G сүлжээний дэд бүтцийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж буй бөгөөд улс даяар олон сая 5G суурь станц байгуулан ашиглалтад оруулсан. Одоо тус улс энэ давуу талаа түшиглэн дараагийн үеийн харилцаа холбооны технологийн судалгаа, үйлдвэрлэл, хэрэглээнд стратегийн ач холбогдол өгч байна.

6G технологи нь интернэтийн хурдыг нэмэгдүүлэхээс гадна хиймэл оюун ухаан, сансрын холбоо, ухаалаг тээвэр, робот техник, аж үйлдвэрийн автоматжуулалт зэрэг олон салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах боломжтой гэж үзэж байгаа аж.

Ийнхүү Хятад улс 6G технологийг лабораторийн судалгаанаас бодит хэрэглээ, үйлдвэрлэлийн түвшинд хүргэх ажлаа эрчимжүүлж, ирээдүйн дижитал эдийн засгийн хөгжлийн суурийг өнөөдрөөс бэхжүүлж эхэлжээ.

Эх сурвалж: XINHUA