Монголын шатрын спортын түүхэнд нэгэн бахархалт үйл явдал тохиов. Монгол Улсаас төрөн гарсан анхны эмэгтэй их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбоо (FIDE)-ны Тамирчдын комиссын гишүүнээр сонгогджээ.
Дэлхийн шатрын холбооны зөвлөлөөс 2026-2028 онд ажиллах Тамирчдын комиссын шинэ бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд тус комиссын гишүүдийн нэгээр Монголын шилдэг шатарчин Б.Мөнгөнтуулыг сонгосон байна.
Тэрбээр дэлхийн шатрын нэр хүндтэй төлөөллүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, олон улсын шатарчдын эрх ашиг, үзэл бодол, дуу хоолойг төлөөлөх, шатрын спортын хөгжилд хувь нэмрээ оруулах хариуцлагатай үүрэг хүлээж буй юм.
Тус комиссын бүрэлдэхүүнд Монгол Улсын Б.Мөнгөнтуулын хамт АНУ-ын Левон Аронян, Францын Максим Вашье-Лаграв, АНУ-ын Ирина Круш, Ханс Моке Ниманн, Арабын Нэгдсэн Эмират Улсын Омар Ноаман, Япон Улсын Тран Тхань Ту нар багтжээ.
Б.Мөнгөнтуулын хувьд Монголын шатрын түүхэнд өөрийн нэрийг хэдийнэ алтан үсгээр бичүүлсэн эрхэм тамирчин юм. Тэрбээр 16-хан настайдаа буюу 2003 онд Монгол Улсаас анх удаа эмэгтэй их мастер цол хүртэж, эх орныхоо шатрын спортын түүхэнд шинэ хуудас нээж байв.
Мөн 2000 онд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Шатрын дэлхийн олимпиадад оролцож, хоёрдугаар ширээнд тоглон 14 өргөөс 9 оноо авсан нь түүний авьяас чадвар, ирээдүйн их амжилтынх нь эхлэл болсон билээ.
Түүний амжилтын буухиа өнөөдөр ч үргэлжилсээр байна. Тухайлбал, 2025 онд ФИДЕ-гийн Гран-при цуврал тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийн шилдэг шатарчдын түвшинд өрсөлдөх чадвараа дахин батлан харуулсан юм.
Монголын шатрын спортын хөгжил, олон улсын нэр хүндэд оруулсан түүний хувь нэмэр ийнхүү шинэ түвшинд хүрч, эх орныхоо нэрийг дэлхийн шатрын удирдах байгууллагын түвшинд төлөөлөх хүндтэй боломж нээгдлээ.
Энэ бол зөвхөн нэг тамирчны амжилт бус, Монголын шатрын спортын нэр хүнд, хөгжил дэвшлийн бас нэгэн томоохон илэрхийлэл юм.
Оюун ухааны спортын дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа Б.Мөнгөнтуулдаа баяр хүргэж, цаашдын их үйлс, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
🇲🇳♟️ Монголын бахархал — Мөнгөнтуул!
Э.ЦЭЦЭН